Засгийн газар

Хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг импортолно

М.Энхмаа
2015-12-15 10:44

Засгийн газрын ээлжит хуралдаанаар импортын үрийн буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр хэлэлцэж тогтсон байна. 

2015 оны ургац хураалтын дүнгээр нийтдээ 215.7 мянган тонн үр тариа тариалснаас 203.9 мянган тонн буудай хураан аваад байна. Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хур тунадас багатай, 6 дугаар сард хэт халсан нь гангийн нөхцөлийг үүсгэсэн юм. Ургац хураалтын ид үед  газар тариалангийн нийт бүс нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг сааруулсны зэрэгцээ ургацын хаягдлыг нэмэгдүүлж, урьдчилан тогтоосон үр тарианы баланс ургац хураалтын эцсийн дүнгээр 20 орчим хувиар буурсан байна.

Улсын хэмжээнд ирэх хаврын тариалалтад зориулан 335.7 мянган га талбайд чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн бөгөөд үүнд 48 мянган тонн үр тариа шаардлагатай байгаа юм. Дараа оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 20.8 мянган тонн, Улсын нөөцийн газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан 7.2 мянган тонн, нийт 28 мянган тонн үрийн нөөц бүрдүүлжээ.

Хаврын тариалалтад дутагдаж байгаа 20 мянган тонн буудайг 2016 онд импортох зөвлөмжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс гаргажээ. Иймээс импортоор оруулах үрийн улаан буудайг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн тохиолдолд 2016 оны хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөл бүрдэх ажээ.