Нийгэм
Боловсролын салбар дотоодын бүтээгдэхүүнээ авснаар 6 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой
2015-12-16 02:38
Аж үйлдвэрийн яамнаас дотоодын үйлдвэрүүдээ дэмжих ажлын хүрээнд төрийн худалдан авалтыг хийх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл төрөөс дотоодын үйлдвэрлэгчдийн хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авч салбар бүрт хэрэглэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд Боловсролын салбарт нийлүүлэх боломжтой дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах өдөрлөгийг өчигдөр зохион байгуулсан байна. Боловсролын салбарт зөвхөн
сурагчийн ширээ, сандалны хэрэгцээнд жилд ойролцоогоор 2.3 тэрбум төгрөг зарцуулдаг
бөгөөд Япон, БНХАУ зэрэг орнуудад үйлдвэрлэсэн сандал, ширээг нийлүүлдэг байна. Тодруулбал, импортын сурагчийн ширээ, сандал нэг бүр нь 200 гаруй мянган төгрөгийн үнэтэй
байдаг аж. Харин дотооддоо үйлдвэрлэсэн сурагчийн ширээ, сандал 120 мянга орчим төгрөгийн үнэтэй ажээ. Тиймээс Боловсролын салбарын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг дотоод үйлдвэрлэгчидээс хангаснаар 6 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой юм байна. Түүнчлэн энэ ажлын хүрээнд Батлан хамгаалахын салбар хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авчээ.