Улсын их хурал

Б.Дэлгэрмааг Элчин сайдаар томиллоо

Б.Нямсүрэн
2015-12-17 05:46

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох асуудлыг хэлэлцэж гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Болд: Өмнөх Элчин сайдыг хугацаанаас нь өмнө татах боллоо.  Маш олон Элчин сайд, консулыг эргүүлэн татахаар дууддаг. Зарим нэгийг нь гадаадын байгууллагын шаардлагаар татсан. Нэг дор 10 Элчин сайд татсан. Цаашдаа УИХ дээр энийг яаж шийдэх вэ. Ш.Алтангэрэл сайдыг ямар шалтгааны улмаас татах болов. Үүнд хариулт өгөөч?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр: Дуудах асуудлыг Засгийн газар дээр яриад шийдчихсэн юм билээ. Тийм учраас дараагийн хүнийг зэрэг оруулж ирж байна.  

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Ш.Алтангэрэл Францаас шууд ОХУ-д Элчин сайдаар томилогдсон хүн.  Ерөнхийлөгч өөртэй нь уулзаж ярилцсан. Ш.Алтангэрэл Элчин сайд өөрөө нутаг буцах хүсэлтэйгээ хэлсэн байсан. Тиймээс Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилуулахаар болсон гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: ОХУ-д тавигдах Элчин сайд маш чухал. Б.Дэлгэрмаа нэр дэвшигчийг дэмжиж байна. Гадаад хэргийн сайдаар Л.Пүрэвсүрэн томилогдсооноос хойш энэ газрыг самарч байна. Хэчнээн олон хүнийг бөөн, бөөнөөр нь өөрчлөв. Дэндүү самарч байгаа юм биш үү.  

УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Яагаад Элчин сайд нарыг олноор нь татаад байна. Монголын нэр хүнд уналаа.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн: Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр эргүүлэн дуудсан. Хуулийн дагуу.

Д.Оюунхорол: Улстөрчдийн ёс зүйг хамгийн зөв эрэмбэлж чаддаг, чадварлаг эмэгтэйчүүдийн нэг нь. Энэ том гүрэнд анх удаа эмэгтэй Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэе. Монгол Улсын Ерөнхийлөгчид мөн баяр хүргэе. Ачаа даах чадвартай гэж бодож илгээсэн болов уу. Өнөөдрийн хүлээлтийг шинэ шатанд гаргаж чадна гэж итгэж байна, амжилт хүсье.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Ажил хэрэгч хүнийг ОХУ-д Элчин сайдаар томилуулахаар санал оруулж ирж байгаад талархан хүлээж авч байна. Тиймээс Б.Дэлгэрмаа зөвлөхдөө зарим зүйлийг захиж хэлэх гэсэн юм. Алтанбулагийн хил дээр монголчууд Орос руу нэвтрэхээр хонон өнжин хүлээж байна. Энэ асуудлыг цэгцэлж өгөх хэрэгтэй байна. Мөн Орос III сургуулийн байрны асуудлыг шийдэхэд хичээж ажиллаарай.

УИХ уг асуудлыг хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.