Нийгэм

Эмэгтэй гишүүд хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ

Б.Нямсүрэн
2015-12-17 07:24

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2015 оны 12 сард Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн олон улсын аяныг зохион байгуулж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд энэхүү аянд нэгдэж буйгаа илэрхийлж өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээллийн эхэнд гэр бүлийн хүчирхийлэл Монгол Улсын хэмжээнд ямар байгаа талаарх статистик мэдээллийг танилцуулсан юм. 2015 оны эхний 10 сард 23323 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 1113 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 494 хэргээр буюу 79.8 хувиар өссөн байна. Мөн 2015 оны эхний 10 сард гэр бүлийн хүчирхийлэлд 1076 иргэн өртөж хохирсны 88.0 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн улмаас нийт 22 хүн нас барж, 949 хүн гэмтжээ.

Хурлын үеэр гишүүд гэр бүлийн хүчирхийллийн чанартай гэмт хэргийн тоо огт буурахгүй байгааг онцлон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэ хуулийн төслийн талаар мэдээллийг хүргэсэн юм. 

Дашрамд дурдахад Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 2015 онд зохион байгуулж буй аяны хүрээнд “Дэлхийг улбар шар болгож охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсооё” уриатайгаар дэлхий дахинд “Улбар шар” арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм байна. Улбар шар өнгө нь гэрэлт ирээдүй, хүчирхийлэлгүй ертөнцийг бэлгэдсэн UNITE аяны албан ёсны өнгө ажээ.


  1. 59.153.112.* Зочин 2015-12-21 16:06
    ЗӨВ ШҮҮ