Улсын их хурал

Малчдын ажилласан нэг жилийн хугацааг 1.2 жилээр тооцохоор боллоо

Б.Нямсүрэн
2015-12-17 09:52

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр баталлаа.Ингэснээр малчдын малчнаар ажилласан нэг жилийн хугацааг 1.2 жилээр тооцож, нийгмийн даатгалын төлөлт хийж байхаар болж байгаа юм.

Энэ оны байдлаар тэтгэврийн насанд хүрсэн иргэдийн дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд ийм тэтгэвэр авах болзол шалгуурыг хангаагүй ахмад настнууд нийгмийн халамжийн тэтгэвэр авч байна. Харин эдийн засгийн идэвхитэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа нь тэд ирээдүйд нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхээргүй нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч маш бага хувь нь шимтгэл төлж, даатгуулж байна. Тухайлбал 2014 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд (тэтгэврийн даатгалд) сайн дураар 181,3 мянган иргэн даатгуулсны 32,7 мянга нь малчид байсан бөгөөд энэ нь нийт малчдын 11,1 хувь байв. Сүүлийн 5 жилийн судалгааны дүнгээр малчдын зөвхөн 4,3-11,1 хувь нь тэтгэврийн даатгалд сайн дураар хамрагдсан бөгөөд энэ нь ихэнх малчид ирээдүйд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах бололцоогүй болохыг харуулж байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагсдыг дэмжих, тэдний нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

Түүнчлэн малчдын шимтгэл төлж, ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцвол тэдний тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, шимтгэлийн орлого нэмэгдэх учир нийгмийн даатгалын санд дарамт болохгүй гэж тооцож байна. Мөн малчинд ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал буурч, төсвийн ачаалалд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.