Улсын их хурал

Авлигатай тэмцэх хөтөлбөрийг хэлэлцэхийг дэмжлээ

Б.Нямсүрэн
2015-12-17 10:22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улс авлигатай тэмцэх хөтөлбөрийг анх 2002 онд баталж байсан бол хэрэгжилт нь 2010 онд дуусчээ. Анхны хөтөлбөр нь тунхагийн шинж чанартай байсан ч авлигатай тэмцэх тусдаа байгууллагатай болсон байдаг аж. Өргөн барьсан төсөлд Монголын авлигатай тэмцэх зургаан жилийн хөтөлбөр тусчээ. Ингэхдээ энэ чиглэлээр Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл хэрхэн оролцох вэ гэдгийг өргөн хүрээнд хамруулж өгсөн байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Энэ хууль чуулган дээр хоёр удаа унасан. Байнгын хорооны босгыг давахгүй байгаа. Энэ юунаас болоод байгаа юм бэ.

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр: Хөтөлбөр авлигатай тэмцэх чиглэлд тухайн төр, улсад улс төрийн хүсэл эрмэлзэл байна гэдгийг илэрхийлдэг, чухал бичиг баримт. Тийм учраас олон улсад ч ийм хөтөлбөрүүд баталсан байдаг. Энэ жишгийн дагуу бид 2002 онд анх удаа Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталсан. Ингээд 2010 онд дууссан. Чуулган дээр унаж байгаа талаар би гишүүдийн өмнөөс хариулах нь зохисгүй. Гэхдээ эхний удаад хэлэлцэхэд тодорхой хэмжээнд үнэлэх боломжгүй, тунхагийн шинж чанартай заалтууд байсныг хүлээн зөвшөөрнө. Ялангуяа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр үнэгүй мэдээлэл гаргана гэсэн зүйл заалт ихээхэн шүүмжлэл дагуулсан. Хоёр дахь удаагаа өргөн барихдаа гишүүдийн саналыг тусгасан байгаа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Нэг намын мөрийн хөтөлбөр шиг дэндүү том, хэрэгжих боломжгүй зүйл заалтууд байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр дээр олон улсын шинжээчдийг урьж, оролцуулаад, тэднээс санхүү, хөрөнгө мөнгө авна гэдгийг юу гэж ойлгох вэ. Хоёрдугаарт, энэ хөтөлбөр үнэхээр хэрэгжих боломж байна уу.

Ч.Өнөрбаяр: Мэдээж том агуулгатай харагдана. Яагаад гэвэл энэ АТГ-ынх биш Монгол Улсын үндэсний хөтөлбөр юм. Бид хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Хөтөлбөр маань зургаан жилийн хугацаатай. Зургаан жилийн дараа хэрэгжилтийг дүгнэх үзүүлэлтүүдийг хуулиндаа тусгаж өгсөн. Гадны байгууллагуудын хувьд зөвхөн зөвлөмж өгдөг. Энэ нь ямар нэгэн тулгалт биш. Өмнөх хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим болгох зэрэг асуудлаар олон улсын байгууллагууд зөвлөж байсан. Энэ дагуу тодорхой ажил хийгдэж байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Олон улсын шинжээчдийг урьж ажиллуулаад, тэдгээрийн зөвлөмжийг хэрэгжүүлнэ гээд биччихсэн. Энэ хэрэгжүүлнэ гэхээр гадныхан манай төрийн бодлогыг зааж өгөх гээд байгаа юм биш үү. Үүнийг эргэж харах ёстой гэж уг нь хэлсэн. Өөрчлөөгүй байна. Хөтөлбөрийн хэрэгжих хугацааг гурван жилээр дүгнэнэ гэсэн байна. Энэ ямар агуулгаар хийсэн тоо вэ.

Ч.Өнөрбаяр: Зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэх нь Монгол Улсын өөрсдийн шийдэх асуудал. Харин зөвлөмж өгдөг. Таны хэлж байгаа хэрэгжүүлэх гэсний тухайд УИХ анхны хэлэлцүүлгийн явцад шийдэх боломжтой байх. Гурван жилийн тухайд манай өмнөх хөтөлбөр шууд найман жил байсан. Гэвч ихэнх улсуудад 2-4 жил байдаг юм билээ. Тэгэхээр гурван жил болгоод, жил бүр энэ хүрээнд Засгийн газар хийх ажлын төлөвлөгөөгөө батлаад явдаг. Гурван жил болгосноор хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх боломжийг нэмэгдүүлж өгнө.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Үндэсний хөтөлбөр гэж байгаа учраас жишээ нь УИХ-ын төвшинд хийх ёстой ажлын талаар тодорхой заалт оруулсан уу. Мөн шүүх, прокурор, хуулийн байгууллагуудын энэ чиглэлийн хуулийн мэдлэгийг сайжруулна гэж байна. Тэгвэл хуулийн мэдлэгээс гадна эдийн засгийн мэдлэгийг сайжруулах талаар зүйл заалт байна уу. Бодит амьдрал дээрээс харахад эдийн засгийн анхан шатны мэдлэггүйгээс хэргийг шийдэх явц удааширдаг тал байсан. Энэ талаар бас анхаарах ёстой байх.

Ч.Өнөрбаяр: УИХ-тай холбогдох зүйл заалтууд олон орсон. Мэдээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд голлон ажиллах нь УИХ. Тухайлбал, УИХ хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавина. Шаардлагатай өөрчлөлтийг оруулна. Хэрэгжилтэд нь үнэлэлт өгч, холбогдох чиглэл өгөх гэх зэрэг хяналтын механизмуудыг оруулж өгсөн. Хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчдын санхүүгийн мэдлэгийг сайжруулах талаар хөтөлбөрт тусгагдсан. Тусгайлан санхүүгийн гэж зааж өгөөгүй. Гэхдээ сургалт авах, тухайн эдийн засгийн нөхцөл байдал, шинэ тутам гарч буй ойлголтуудтай нийцэж ажиллах гэх зэргээр тусгасан. Үүн дээр нэмэх шаардлагатай гэж үзвэл хэлэлцүүлгийн явцад нэмэх боломжтой.