Нийгэм

Твиттер трэнд:  #ЖШЖ2016 хаштагийг эргэж нэг харахад

trends.mn
2015-12-17 15:33

Зохион байгуулалт нь эхэлсэн цагаас #ЖШЖ2016 хаштаг дор мэдээлэл оруулж эхэлсэн  твиттер хэрэглэгчдийн шинэ жил өчигдөр өргөн дэлгэр, амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Баярын арга хэмжээ үргэлжилж байхад, дууссаны дараа нэгдсэн хаштагаар зураг, сэтгэгдлээ шуурхай жиргэн мэдээлэл нэмж, 2015 оны жиргээний онцлох үйл явдлыг мөн хаштаг трэндээр тодруулсан зэрэг нь твиттерээр овоглосон арга хэмжээний хэмжээний онцлог байв.  Арга хэмжээний нээлтийн үеэр 2015 онд жиргээгээр дамжуулан хийгдсэн сайн үйлсийн аянууд болон бусад чухал үйл явдлыг эмхтгэсэн видео бичлэг  үзүүлж, "идэвхитэй жиргээч" Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жиргээнд дурдсанчлан нийгмийн нэг шинэ хүч болохоо санууллаа.  Хил хязгааргүй цахим талбарын хувьд гадаадад суудаг идэвхитэй жиргээчдээс ч видео мэндчилгээ ирүүлсэн байв.

 

Хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдын бүрэлдэхүүнийг харвал соошил медиа, тэр дундаа твиттер улстөр, нийгэм, оюун сэтгэлгээний хувьд нэг том нөлөөллийн хүрээ болж төлөвшиж байна. Камертон, Номин Талст, Люмино, Voice, Sweety motion, Никитон гээд урлаг соёлын томхон төлөөллүүд, төр, хувийн байгууллагын удирдлага,  бизнесмэнүүд МАН, АН гэсэн хоёр том намаас гадна улстөрийн шинэ хүчин ХҮН намын төлөөлөл нэг дор цуглаж, ярилцаж, найрсаг харилцаж байсан нь твиттер өдгөө нам, улстөр хамааралгүй монгол хүн бүрийн дуу хоолойгоо гаргах нэг оронзай гэдгийн илэрхийлэл байв.

Азтан тодруулах сугалааны шагналд ухаалаг утас, хурдан удмын даага багтаж байсан нь уламжлал ба технологийн эрин хоршин оршдог, зөвхөн Монголд л зохион байгуулагдана гэгдсэн жиргээчдийн шинэ жилийн зөвхөн Монголд л харж болох хоршил. 2015 оны нэг том трэнд, тариалан тойрсон маргааны гол дүр @TsandelegL зэрэг  өвөрмөц сонирхолтой дуу хоолой ч баярт хүрэлцэн ирсэн байв. Жилээс жилд салбар салбарын хэрэглэгчдээр хаяагаа тэлж буй жиргээчдийн ертөнц  интернэт дэд бүтэц сайжирч,  Улаанбаатарчууд төдийгүй  орон нутаг, тариан талбай, малчны гэрээс ч ухаалаг утас, төхөөрөмж ашиглан дуу хоолойгоо нэгтгэх боломжтой болж байгааг харуулж байна.

 

 Баярын арга хэмжээний нэг онцлох үйл явдал, жиргээч, фото зурагчин @jjngum-ын авсан байгалийн зургийг дуудлага худалдаагаар худалдаалж, орлогыг ирвэс хамгаалах санд хандивлах хэсэг байлаа. Алтайн уулсын үзэсгэлэнт төрхийг буулгасан фото зургийг УИХ гишүүн С.Одонтуяа 2 сая төгрөгөөр худалдаж авч, залуусын сайн үйлсийн аяныг дэмжлээ.

Хаштагаар холбогдсон хавтгай дэлхий, 21-р зууны нэг оныг улстөр, бизнес, үйлдвэрлэл, бичиг оюун, урлаг соёлын олон төлөөлөл хамтдаа үдлээ. Арга хэмжээгээр мэдрэгдсэн хамтын ажиллагаа, эв найр, нөлөөллийн хүчээ угтан ирэх онуудад нийгмийн гажуудлыг засаж залруулах, сайн сайхны төлөө гаргаж чадах эсэхээс энэ том оронзай, олон талт сүлжээний үнэ цэнэ хамаарах нь дамжиггүй.