Улсын их хурал

Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ

Б.Нямсүрэн news.trends.mn
2015-12-18 15:06

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр /2015.12.18/ үдээс өмнө хуралдаж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв.

Байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан бөгөөд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авах хүсэлт гаргасан ч байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа гурван асуудлаар тус намын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага авсан тул дахиж завсарлага өгөх боломжгүй гэдгийг байнгын хорооны дарга мэдэгдсэн. Ингээд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаас МАН-ын бүлэг завсарлага авлаа. Харин Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс завсарлага авахгүй гэдгээ тус намын бүлгийн дэд дарга мэдэгдсэн юм.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэнОнцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч уг асуудлаар Засгийн газар нэгдмэл байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр байнгын хорооноос Ерөнхий сайдад хандаж албан бичиг хүргүүлээд байгаа тул хэлэлцүүлгийг түр хойшлуулав.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт хийсэн юм. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанаар хийх үед Гааль, татварын ерөнхий газрын бүтцэд гааль, татварын мэдээллийн технологийн нэгжийг нэмж оруулах, улсын байцаагч нар цалингийн нэгдсэн нэг ангилал, шатлалтай байхаар тусгасан заалт нь Төрийн албаны тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа учир энэ заалтыг төслөөс хасах, улсын байцаагчийн дүрэмт хувцас, ялгах тэмдгийн загвар, эдэлгээний хугацаа, хэрэглэх журмын талаар Татварын ерөнхий хууль болон Гаалийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа тул энэ асуудлыг зохицуулахаар тусгасан заалтыг төслөөс хасах, Гааль, татварын ерөнхий газрын удирдлага Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг дахин хянуулахаар нэг удаа буцаах шийдвэр гаргах нь зүйтэй гэсэн саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, М.Зоригт нар ажлын хэсгийн ахлагчаас асуулт асууж хариулт авлаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Батцогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, гааль, татварын байгууллагуудыг нэгтгэсэнтэй холбогдуулан нэгдмэл удирдлагатай болгох зохицуулалтыг энэ хуулиар хийж байгаа. Зөвхөн удирдлагын түвшинд ажлын уялдаа, мэдээлэл, хяналтыг нэгтгэж сайжруулах зохицуулалт хийгдэж байгаа, харин үйл ажиллагаа нь тус тусын хуулиар зохицуулагдах юм. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд Гааль, татварын ерөнхий газар нь гааль, татвар, хилийн боомт хариуцсан гурван дэд даргатай байхаар тусгасныг хөндөөгүй гэдгийг хэллээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй дөрөв, найруулгын шинжтэй нэг санал гаргасан байна. Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр Сангийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан юм. Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр одоогийн байдлаар улсын хэмжээнд 11 их наяд төгрөгийн хадгаламж байгаагаас 4.9 их наяд төгрөгийн буюу нийт хадгаламжийн 45 хувь нь 100 саяас дээш төгрөгийн, 55 хувь нь түүнээс доош төгрөгийн хадгаламж байгаа аж.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, Н.Батбаяр, Д.Оюунхорол нар Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс энэ тухай санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж, төслийн эцсийн хувилбарыг гишүүдэд тараасан байна. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гарсангүй.

Ингээд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.