Засгийн газар

"НАНО шатахууныг хэрэглэснээр агаарын бохирдлын түвшин буурах боломжтой"

Б.Нямсүрэн
2015-12-18 07:41

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны гуравдугаар хурал өнөөдөр боллоо.

Тус хурлаар Үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай аймгийн Засаг дарга нарт танилцуулах, аймаг, нийслэлийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад гурвалсан НАНО технологи бүхий шингэн НАНО бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулга мэдээлэл хийх, 2016 онд аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Шингэн НАНО технологиор баяжуулсан “НАНО шатахуун”-ыг хэрэглэснээр автотээврийн хэрэгслээс ялгарах хорт хий, утаа, тогтворжилтын түвшинг бууруулах боломжтойг “Жим вейл Монголиа интернейшнл” компанийнхан танилцуулсан бөгөөд энэ асуудлаар судалгаа хийхийг Уул уурхайн яам болон Газрын тосны газрын удирдлагуудад тус хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.

Мөн тус хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд орсон Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Ховд аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг хэлэлцэж, эдгээр аймгуудад утаа ихтэй нэг, хоёрдугаар саруудад агаарын чанарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд БОНХАЖЯ, НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. 

Үүнд, гэр хорооллын 10-12 мянган айл өрхийг боловсруулсан түлшээр хангах, 10 орчим мянган айл хэрэглэж буй түүхий нүүрс цэвэршүүлэгч бодисоор баяжуулах турших, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр Их тойруугийн 110 Кв-ын дэд станцуудаас хэт ачаалагдсан 4 шугамын ачаалал хөнгөвчлөх угсралтын ажил, нийслэлийн таван цэцэрлэгийн усан халаалтын зуухыг шинэ дэвшилтэд технологид шилжүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.