Гааль болон Татварын ерөнхий газрыг нэгтгэх хуулийн зохицуулалтыг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталсан бол Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Мөн Гааль татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 89.1 хувийн саналаар дэмжин баталлаа.
УИХ-аас 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг батлахдаа Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрыг нэгтгэх шийдвэр гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор хоёр газрын үйл ажиллагааг нэгтгэх зохицуулалт дээрх төсөлд тусчээ.
Татвар болоод Гаалийн ерөнхий газар нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэгтгэгдэнэ. Тиймээс УИХ дээрх хуулийг баталснаар хоёр агентлаг нэг болж ажиллахад саадгүй болж буй аж. Түүнчлэн Сангийн сайдын тайлбараар бол дээрх хоёр агентлагийг нэгдэхэд 100 орчим албан хаагч цомхотголд өртөх гэнэ.
Энэ асуудлыг шийдсэнээр УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.