Эмэгтэй гишүүд эрүүл мэндийн сайдыг яаралтай томилох асуудлаар шаардлага хүргүүлнэ
УИХ-ын эмэгтэй гишүүд эрүүл мэндийн сайдыг яаралтай томилж, энэ салбарын асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ үеэр Д.Оюунхорол гишүүн : Өвөл болж цаг хүндэрлээ. Ханиад томуугийн өвчлөл эрс нэмэгдээд байгаа энэ үед эрүүл мэндийн салбар сайдгүй байгаа нь санаа зовоосон асуудал
болоод байна. Эрүүл мэндийн салбарт сайн менежмент дутагдаж байна. Төр засаг энэ талаар онцгой анхаарч салбарын сайд, Төрийн нарийн бичгийг даргыг томилооч гэж бид Ерөнхий сайдад хандан албан тоот хүргүүлнэ. УИХ-ын даргад мөн хандах болно. Эрүүл мэндийн салбар удирдлагагүй байгаагаас болоод эмч ажилтнуудын байдал хүндэрч байна. Энэ салбарыг удирдах эзэнгүй орхиж байгаа нь буруу гэж үзсэн учир бид ийм шийдвэрт хүрлээ.
Л.Эрдэнэчимэг гишүүн : УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, ахмад настан, эмэгтэйчүүдийн асуудлаар хамтран ажиллаж ирсэн. Эрүүл мэндийн салбарын хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллан, энэ салбарын төсөвт анхаарал хандуулж, хавдрын эмнэлгийн өргөтгөл, гуравдугаар амаржих газрын барилгын хөрөнгө оруулалтыг төсөвт суулган батлуулах чиглэлээр ажилласан.
Эрүүл мэндийн сайдын томилгоог улстөржилгүйгээр хийж, мэргэжлийн түвшинд ажиллан, энэ салбарт сайн менежмент хийх хүнийг томилоосой гэж эмэгтэй гишүүд хүсч байгаа.
Г.Уянга гишүүн : Эрүүл мэндийн салбар шоовдорлогдох ёсгүй
. Салбарын сайдыг томилохгүй орхисноос болж энэ салбарын олон мянган ажилтнууд, эмнэлгийн үйлчилгээ авдаг иргэд хохирох ёсгүй. Энэ салбарын эмч, ажилтнуудын зүгээс сайдын томилгоонд анхаарал хандуулаач гэсэн хүсэлтийг ирүүлж байгаа.