Засгийн газар

Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

М.Энхмаа
2015-12-22 04:07

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дараах хүмүүст мөнгөн шагнал олгож, шаардагдах хөрөнгийг Соёл, урлагийн зардлаас олгохыг зөвшөөрсөн байна. 

Үүнд : 

- ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг

- БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн

мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай” журам баталж хэрэгжүүлснээр урлагийн эдгээр төрлүүд сэргэн хөгжиж, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг олон улсын жишигт ойртуулахад түлхэц болж байгаа аж.