Бусад

Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

М.Энхмаа
2015-12-23 01:59

Өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийн буюу бизнес эрхлэгч зорилтот бүлгийн хийсэн бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. “Сайхан амьдрал таны гарт” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэн худалдаагаар ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний худалдаа болохоос гадна жижиг, бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн хонжворт сугалаа, бараа солилцооны “БАРТЕР ХУДАЛДАА”-ны цэг, ажлын байранд зуучлах цэг, бизнесийн зөвлөгөө өгөх мэдээллийн төв ажиллах юм байна.

“Сайхан амьдрал таны гарт” төсөл нь  Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулж хорих ангиас суллагдагсдыг нийгэмшүүлж, төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох,  зөвлөгөө өгөх,  мэдээллээр хангах, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэхийг зорьж байгаа иргэдийн төслийг шалгаруулан 500000-5000000 төгрөг хүртэл санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ.

Төслийн хүрээнд нийслэлийн 12 хорих ангиас суллагдсан 1000 хүмүүжигчид сэтгэлзүйн сэтгэлгээ өөрчлөх, өөртөө итгэлтэй, амьдралын зорилготой болгох сургалт зохион байгуулсан байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн 400 гаруй хорихоос суллагдсан иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, багаар ажиллах сургалт, бизнес санаа хөгжүүлэх, төсөл боловсруулах сургалтанд хамруулж, амьдралын ухаанд суралцах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах үйл ажиллагааг явуулжээ.