Улсын их хурал

Н.Золжаргал : Цэц иргэдийнхээ эрхийг хамгаалах байдлаар боломжийг нь хязгаарлаж байна

М.Энхмаа
2015-12-23 03:53

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал: ЗГ-тай хамтарсан орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт зээлийн 75% буюу 2,5 их наяд төгрөгийн зээл олгосон. Нийт зээлийн 98,5% нь төгрөгийн, 1,5% нь валютынх байна. Сүүлийн 2 жилд орон сууцны ипотекийн зээл маш эрчимтэй олгосон. Орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн байгаа. Ер нь энэ төрлийн зээл харьцангуй чанартай зээлд тооцогддог. Нийт зээлийн 96,8% нь хэвийн, 2,5% нь хугацаа хэтэрсэн, 0.7% нь чанаргүй ангилалд байна. Орон сууцны ипотекийн зээлтэй нийт 76,5 мянган өрх бна. Тэд сар бүр 8 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөлтөөр хуримтлуулдаг. Орон сууцны ипотекийн зээл ба ДНБ-ий харьцаа сүүлийн 3 жилийн дотор 5%-аас 20 % хүртэл өссөн.

Сүүлийн 7 хоногийн турш энэ сэдвээр нэлээд ярилцлаа. ҮХЦ-ийн гишүүд хүртэл эргэлзсэн, санаа зовсон байдалтай байна. ҮХЦ-ийн шийдвэр өнөө маргаашдаа нөлөөлсөн зүйл алга. Яваандаа нэлээд эрсэл дагуулж мэднэ. Иргэний гэрээ хийх эрхийг нь хааж байна. Эрхийг нь хамгаалаад байгаа юм шиг атлаа боломжийг нь хязгаарласан шийдвэр эдийн засагт сөргөөр нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй. ҮХЦ-ийн 11-р тогтоолоор зээлдэгч нь банкны зөвшөөрөлгүйгээр барьцааг бусдад худалдах, бэлэглэх, давхар барьцаалах нөхцөл үүссэн. Мөн иргэн, ААН-ийн эрх нэмэгдэх ч зээлийн эрсдэл өссөн тул зээл авах боломж нь хумигдаж байна. Иргэдийнхээ эрхийг нэмэгдүүлэх байдлаар санхүүгийн боломжийг нь хааж буй энэ үзэгдэл олон улсад ч тохиолдож байсан. Үндсэн хуулийн цэц асуудалд нэлээд ул суурьтай хандсан бол ийм шийдвэр гаргахгүй байсан байх.

ҮХЦ-ийн шийдвэр нь банкуудаас 856,4 мянган иргэн, ААН-д олгосон 1,9 их наяд төгрөгийн зээлийн барьцааг эрсдэлд оруулж байна. Өнөөдөр 8 хувийн ипотекийн зээл олгож байгаа арилжааны банк байхгүй, бүгд зогсоочихсон байгаа. Үүнийг УИХ зохицуулах ёстой.