Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэллээ
Өчигдөр Багануурын цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна. 700 МВт хүчин чадалтай энэхүү станцыг БНХАУ-ын “China nuclear industry 22” корпораци 3,5 жилийн дотор хийж гүйцэтгэх ажээ. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болох аж.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Багануурын цахилгаан станцын талбайн ажлын нээлтэд оролцохдоо :
Монгол улс анх удаа уурхайн амаа түшиглэж цахилгаан станц барих гэж байна
. Засгийн газар эрчим хүчний бодлогынхоо том өөрчлөлтийг энэ төслөөр эхлүүлж байна. Мөн Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэж Бөөрөлжүүтийн цахилгаан станц, усны эх үүсвэрээ түшиглэж Эгийн голын усан цахилгаан станц баригдана. Тавантолгойн цахилгаан станц ч мөн уурхайгаа түшиглэн баригдана.
Багануурын цахилгаан станцын энэ төсөл Монгол, Хятад хоёр улс эрчим хүчний салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн илэрхийлэл. БНХАУ-тай хамтран “Амгалан” дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлж нэг сарын өмнө станцаа ашиглалтад орууллаа. Дулааны III станцын хүчин чадлыг 50 MBт-аар өргөтгөсөн бол одоо Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станцыг ажлыг хамтдаа хийж гүйцэтгэнэ.
Багануурын цахилгаан станц Багануур хотын хөгжийн гараа, нүүр царай болох төсөл. Энэхүү бүтээн байгуулалтыг дагаж Багануур хотод шинэ ажил, амьдрал өрнөх болно. Монгол Улсын Засгийн газар, орон нутгийн удирдлага бүтээн байгуулалтын энэ ажлыг бүх талаар дэмжиж ажиллана.