Нийгэм

Унгар улсын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

М.Энхмаа
2015-12-25 03:41

Монгол, Унгар хоёр улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилд Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны сонгон шалгаруулалт зарлагджээ. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай зохион байгуулагдах бөгөөд I шатны шалгаруулалтыг БСШУЯ, II шатны шалгаруулалтыг Унгарын хүлээн авч суралцуулах сургуулиас тус тус зохион байгуулна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл 

  1. Бакалавр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, тусгай хэрэгцээт боловсрол
  2. Магистр: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженер, технологи, байгалийн ухаан, уул уурхай, эрчим хүчний эдийн засаг, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг
  3. Бакалавр, Магистрт суралцаж магистраар төгсөх хөтөлбөр : Анагаах ухаан, урлаг, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, багш боловсрол, архитектур
  4. Доктор : Мэргэжлийн чиглэл харгалзахгүй.
  5. Англи болон Унгар хэл дээр явагдах богино хугацааны сургалт, дадлага: Инженер, усны менежмент, хүрээлэн буй орчны инженерчлэл, байгалийн ухаан, уул уурхай, технологи, анагаах ухаан, хөдөө аж ахуй, соёл ба урлаг, хот төлөвлөлт, санхүү ба эдийн засаг, эрчим хүчний эдийн засаг, эрчим хүчний инженер, тусгай хэрэгцээт боловсрол 

Анкет хүлээн авах, сонгон шалгаруулах

2016 1-р сараас 3-р сарын 1 хүртэл Унгарын тэтгэлгийн хорооноос өгөгдсөн цахим хуудсаар бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр Унгарын талд хүргүүлнэ. БСШУЯ цаасаар болон цахим хэлбэрээр өргөдөл гаргагчийн анкет, баримт бичгийг хүлээн авахгүй. Унгарын тал суралцах хүсэлт гаргасан Монгол иргэдийн анкет, баримт бичгийг БСШУЯ-нд ирүүлдэг.

I шатны шалгаруулалт: БСШУЯ 2016 оны 3-р сарын 25-ны дотор Унгарын талаас ирүүлсэн Монгол иргэдийн анкет, баримт бичигт үнэлгээ өгч 100 нэр дэвшигчийг шалгаруулна. Шалгаруулалтын дүнг 2016 оны 4-р сарын 5-нд тус яамны цахим хуудсаар мэдээлнэ.

II шатны шалгаруулалт: I шатны шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч өөрийн сонгосон (3 хүртэлх) сургуулийн элсэлтийн шалгалтыг  2016 оны 4 сараас 6 сарын хооронд өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр тул тухайн сургууль нь шалгалтын тухай мэдээллийг нэр дэвшигчдэд цахим шуудангаар ирүүлнэ. БСШУЯ энэхүү шалгалтын зохицуулалтад оролцох боломжгүй тул нэр дэвшигч өөрийн цахим шууданг тогтмол шалган, хариу бичих, харилцаа холбоо хийх ёстойг анхаарна уу. Сургуулийн заасан хугацаанд шалгалт өгөөгүй тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжгүй.

Шалгаруулалтын хариуг 2016 оны 4-р сарын 22-ны дотор Унгарын талын хүлээн авч суралцуулах сургууль болон Тэтгэлгийн хороо нь нэр дэвшсэн иргэдэд өөрсдөд нь шууд ирүүлнэ. Шалгаруулалтад тэнцсэн хариу авсан иргэн тэтгэлгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, суралцах тухай хариуг Тэтгэлгийн хороонд 2016 оны 8-р сарын 15-ны дотор мэдээлэх үүрэгтэй.

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт 

Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.