Р.Бурмаа : Гурилын бөөний үнийг 850 төгрөгөөс хэтрэхгүй байхаар гэрээ хийж байна
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр ХХАЯ-ны сайд Р.Бурмаа Үрийн улаан буудайг гааль, НӨАТ-аас чөлөөлөх шийдвэр гарснаар гурилын үнийг өсгөхгүй, тогтвортой байлгах боломжтой болж байгаа талаар дурдсан байна.
ХХАЯ-ны сайд Р.Бурмаа : Улаан буудайн үнийг өмнө нь сайд хэлж тодорхойлж байсан бол энэ жил зах зээлийн зарчмаар гурилын үйлдвэр болоод тариаланчид хоорондоо зохицож тодорхойлсон. Дотоодын тариаланчдын улаан буудайг авч дууссаны дараа дутах улаан буудайг импортоор оруулна. Ингэхдээ бид бодлогын гэрээ хийж байгаа. Гадаадаас оруулж ирж байгаа улаан буудай хамаагүй хямд үнэтэй. Тиймээс бодлогын гэрээгээр дотоодынхоо тариаланчдаас авсан улаан буудайн хэмжээг нь харгалзан үзэж дэмжинэ. Нэгдүгээр гурилын бөөний үнэ 850-аас хэтрэхгүй байх, талхны үнэ энэ жилийнхээс нэмэгдэхгүй байх гэсэн бодлогын гэрээнүүдийг хийж байна.
Үүний үндсэн дээр импортын улаан буудайн квотыг өгч байгаа юм.