ХҮН : 'Түүхий' хуулиар сонгууль явуулбал засаглалын хямрал нүүрлэнэ
УИХ-аар сонгуулийн хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулаад Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс дараах мэдэгдлийг гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Их Хурал сонгуулийн хуулийг хэлэлцэж буй энэ цаг үед Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс дараах байр суурийг илэрхийлж байна.
Нэг.
Сонгуулийн хуулийг, ялангуяа сонгуулийн тогтолцоог эрх баригч улс төрийн намууд сонгуулийн өмнө гэнэтээр, өөрсдийн тухайн үеийн улс төрийн нэр хүнд, сонгогдох боломжид тааруулан өөрчлөх нь зохисгүй
бөгөөд сонгогчдод ойлгомжгүй байдал үүсгэж, 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа үүссэн эмх замбараагүй байдалд хүргэх эрсдэлийг бий болгож болзошгүй.
Хоёр.
Парламентын ардчиллыг бэхжүүлж, улс төрийн намуудаа төлөвшүүлэхээр зорьж буй орны хувьд сонгуулийн тогтолцоогоо аль болох хувь тэнцүүлсэн хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байтал УИХ-ын 48 суудлыг жижигрүүлсэн мажоритараар, харин 28 суудлыг таван бүсэд хувааж, хэдийгээр намд нь санал өгнө хэмээн тайлбарлаж буй ч үнэн хэрэгтээ олон мандаттай томсгосон мажоритараар сонгохоор зөвшилцөж буй нь том ухралт
юм. Ийнхүү өөрчлөхийн үр дүн нь сонгогчид "орон нутгийн феодал"-уудыг бус нийт ард түмнээ төлөөлөх төрийн түшээдээ сонгох боломжгүй болно.
Гурав.
Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан гэх сонгуулийн тухай хуулийн төсөлд Үндсэн хуулийн зөрчлийг агуулсан олон заалт байгаагийн дээр хийх шаардлагатай шинэчлэлүүдийг хийгээгүй, олон хуулийн механик нэгтгэлээс үүдсэн зөрчлүүд ихээр байна. Ийм "түүхий" хуулиар сонгууль явуулбал эмх замбараагүй байдал үүсэх, засаглалын хямрал нүүрлэх аюул бодитойгоор харагдаж байна.
Хөдөлмөрийн Үндэсний Намын зүгээс сонгуулийн тогтолцооны аль ч хэлбэрээр, бүх шатны сонгуульд оролцоход бэлэн байгаа бөгөөд энэхүү мэдэгдлийг улс төрийн хүчний хязгаарлагдмал ашиг сонирхлын хувьд биш Үндсэн хуульт ёс, Үндэсний аюулгүй байдал, Засаглалын тогтвортой байдлын төлөө гаргаж буй тул эрх баригч улс төрийн намуудад нийт үндэстнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, алсын хараатай шийдвэр гаргахыг уриалж энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ХҮН-ын зүгээс бүхий л хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа үүгээр мэдэгдэж байна.