Улсын их хурал

Монгол улс 2030 он гэхэд бизнес эрхлэлтийн орчноор дэлхийд 40-д багтана

Bolor Rose
2016-01-04 08:16

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хамтран Монгол Улсын 2016-2030 он хүртэлх урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын бодлогыг боловсруулан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. Хөгжлийн бодлогыг  УИХ-д суудалтай нам, эвслийн төлөөлөл болох 15 гишүүний бүрэлдэхүүнтэй, бүлгийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан хоёр жилийн турш ажиллаж, судалгаанд үндэслэн боловсруулжээ. Судалгаанд эрдэм шинжилгээний байгууллагуудыг оролцуулсан бөгөөд ялангуяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан судалгааны ажилд тулгуурлан 2030 он хүртэлх Монгол улсын хөгжлийн бодлогыг боловсруулсан байна.

Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 4 үндсэн бүлгийн хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлжээ. Үүнд:

Нэг. Эдийн засгийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлд монголын органик бүтээгдэхүүний брэндийг бий болгож, экспортлох; аж үйлдвэрийн салбарт түүхий эдийг боловсруулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх; уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих таатай орчин бүрдүүлэх; Монголын унаган байгалийн хосгүй газруудыг сурталчлах, аялал жуулчлалын төрөл, дэд бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээг сайжруулан ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх; эрчим хүч, түлш шатахууны хангамжийн дотоодын найдвартай эх үүсвэрийг бий болгох, эрчим хүчний экспортыг нэмэгдүүлэх;
Хоёр. Нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх; иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх; ядуурлын бүх төрлийг эцэс болгох; хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилгүйдлийн түвшинг бууруулах; нийгмийн дундаж давхаргын эзлэх хувийн жинг тууштай нэмэгдүүлэх;
Гурав. Байгаль, орчны тогтвортой хөгжлийн хүрээнд усны нөөцийг хамгаалж, хомсдолоос сэргийлэх; эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бэхжүүлж, сөрөг нөлөөллийг сааруулах; байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, хэрэглээнд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах; цаг агаарын аюулт үзэгдэл, байгалийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх; хот суурины ногоон байгууламжийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, хог хаягдлын менежментийг сайжруулах;
Дөрөв. Тогтвортой хөгжлийн засаглалын хүрээнд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх салбар, орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг хангах, хяналт тавих хариуцлагатай, чадварлаг засаглалын бүтцийг бүрдүүлж, бэхжүүлэх; төр, засгийн бүх шатны байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлэх, бүх нийтийн оролцоо, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх; улс төрчид, төрийн албан хаагчдын ёс зүйн талаарх хууль тогтоомж, дүрмийг чанд мөрдүүлэн, бүх хэлбэрийн авилга, хээл хахуулийг устгах; тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд идэвхитэй оролцох зэрэг зорилтыг тус тус хэрэгжүүлэхээр тодорхойлсон байна.

Түүнчлэн хөгжлийн бодлогыг боловсруулсан зарим ажлын хэсгийн гишүүдийн байр суурийг дор хүргэж байна. 

А.БакейХөгжлийн бодлогын гол зорилго нь Монгол хүний амьдрах орчныг сайжруулах, баталгаат хүнсээр хангах, ажлын байртай, орлоготой, чинээлэг нийгмийн давхарга бүхий иргэдтэй улс орон болоход чиглэсэн. Өмнөх бодлогын баримт бичигтэй харьцуулахад, товч бөгөөд тодорхой, салбар бүрт хамгийн гол гэсэн асуудлуудыг тусгаж өгсөн. Жишээлбэл, 2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10500 ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 6,6 хувиас бууруулахгүй байх, бизнес эрхлэлтийн орчноор дэлхийд эхний 40-д багтах, нийт нутаг дэвсгэрийн 78 хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд автсан үзүүлэлтийг 68 хувь хүртэл бууруулах, шатахууны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах гэх мэт асуудлыг тусгасан байгаа. Бид ямарваа нэг зорилт дэвшүүлж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа бөөн жагсаалт биччихдэг байсан. Харин энэ удаа зөвхөн зорилтын жагсаалт бус, илүү бодитой зорилт дэвшүүлэх, тэр зорилтынх нь хэмжүүр шалгуур үзүүлэлтүүд нь тодорхой байх гэсэн зарчмыг баримталж боловсрууллаа.

С.Одонтуяа: Өмнөх үзэл баримтлалуудад голдуу уул уурхайд түшиглэсэн аж үйлдвэрийн асуудлыг тусгаж өгсөн байдаг. Хүний хөгжлийн орхигдуулж ирснээр өнөөдөр бид эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авч чадахгүй байна, хүүхдүүд сургууль, цэцэрлэгт бүрэн хамрагдаж чадахгүй байна. Тэгвэл энэ удаагийн хөгжлийн бодлогод хүний хөгжилд суурилсан, хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжиж болохуйц хугацаатай заалтуудыг оруулж өгсөн байгаа. Жишээлбэл, 2030 он гэхэд 1000 амьд төрөлтөд оногдох нярайн эндэгдлийг “тэг”төвшинд хүргэнэ, 100 мянган амаржсан эхэд ногдох эхийн эндэгдлийг 20 хүртэл бууруулна, ЕБС-ийн анги дүүргэлтийг 20 хүртэл бууруулна, ядуурлын төвшинг “тэг” хүртэл бууруулна гэх мэт. Мөн ард иргэдээ яаж эрүүл хүнсээр хангах вэ гэдгийг онцгойлон авч үзсэн. Иймд органик хүнсний тухай заалтууд нэлээд байр суурь эзэлж байгаа. Мөн хямд эрчим хүчийг хэрхэн гаргаж авах вэ гэх мэт олон чухал асуудлыг хөндсөн.

 


  1. 122.201.31.* Zochin 2016-01-05 07:18
    Songuuliinhaa soug hiij baih shiw dee ed yg 40 bagtaagaach ta nariig dahij songohgui ee oilgoson uu