Хууль

Ил болгож мэдүүлэх хугацаа дуусахад 46 хоног үлдлээ

М.Энхмаа
2016-01-05 02:28

Эдийн засгийн ил тод байдлын хуулийн хэрэгжилтийг 2-р сарын 20 хүртэл сунгасан. Цаашид улсын төсөвт төвлөрүүлэх шимтгэл, хураамж болон ил болгож байгаа хөрөнгө, орлогын хэмжээг нэмэгдүүлэх, хуулийн үйлчлэлд тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилгоор уг хуулийн үйлчлэх хугацааг ийнхүү сунгасан байна.

Энэ хуулийг баталж хэрэгжүүлж эхэлснээс хойш 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас чөлөөлөгдөөд байгаа аж.

Дээрх орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, ААН-үүд

- Санхүүгийн 1640 тайлан

- Татварын 10276 тайлан

- Нийгмийн даатгалын 366 тайлан

- Гаалийн 1451 нөхөн мэдүүлгийг

холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин уг хуулийн хүрээнд НДШ болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн НДШ-ийг төсөвт төвлөрүүлжээ. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт төвлөрүүлээд байгаа аж.