Д.Зоригт : Эрчим хүчний салбар түүхэндээ анх удаа алдагдалгүй ажиллалаа
“Бид” нэвтрүүлэгт Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож салбарынхаа хийж бүтээсэн зүйлс болоод цөаашид хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудын талаар ярилцсан байна.
- Эрчим хүчний салбар түүхэндээ анх удаа алдагдалгүй ажилласан гэсэн таатай мэдээ дуулдаад байгаа. Мөн Амгалагийн ДЦС-ын бүтээн байгуулалтын ажил сая дууслаа. Эндээс яриагаа эхэлье гэж бодож байна.
Эрчим хүчний салбар өнгөрсөн 3 жилийн хугацаанд хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байж бүтээн байгуулалтын их ажил өрнүүлсэн. Энэ жилийн хувьд 2,3 онцлогтой байна.
- Эрчим хүчний салбарыг зохицуулдаг хууль тогтоомжуудад нилээн өөрчлөлт орсон. Энэ салбарыг зах зээлийнх нь гольдрол руу шилжүүлэх дэвшилттэй өөрчлөлтүүд орсон байгаа.
- Эрчим хүчний салбар энэ жил өртөг зардлаа хэмнэх зорилго тавьсан.
Гадаадаас авдаг эрчим хүчний зардлаа бараг 18 тэрбумаар бууруулж чадлаа
. Мөн үнэ тарифд тодорхой хэмжээний зохицуулалт хийсний үр дүнд оны эцсийн дүнгээр эрчим хүчний систем эдийн засгийн болоод санхүүгийн хувьд анх удаа алдагдалгүй ажиллах боломжтой болж байна. - Бүтээн байгуулалтын ажил их өрнөсөн. Үүний нэг жишээ нь Амгалангийн ДЦС. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот бол дэлхийн хэмжээнд хамгийн хүйтэн хотуудын нэг учраас дулаан хангамж маш чухалд тооцогддог. Сүүлийн 30 гаруй жилд томоохон дулааны эх үүсвэр баригдсангүй. Хотын зүүн хэсэг бол үндсэндээ шинээр барилга барих, гэр хорооллыг дахин төлөвлөхөд дулааны эх үүсвэрийн хүрэлцээ муутай байдаг учраас барилгажаагүй зэрэг хүндрэлүүд байсан. Тиймээс 2013 онд барьж эхэлсэн энэ станц сая 11-р сард ашиглалтад орлоо. Үүний дүнд зүүн хэсэгт 50-60 мянган айлын орон сууцны дулааныг хангах чадавхтай болж байгаа юм.
- Үнийг бүрэн чөлөөлөөгүйгээс эрчим хүчний салбарын гол алдагдал бий болж жилд 68 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Та олон арга хэмжээ авсны үр дүнд алдагдлыг хааж чадсан гэлээ. Үнэ тарифын зөрүүг багасгах, үнийг чөлөөлөх тал дээр Эрчим хүчний яам ямар бодлого баримталж байна вэ?
Засгийн газар бодлогоо гаргаад УИХ-д уламжилсан. Энэ бодлого хуулиар гарч ирдэг. Эрчим хүчний тухай болон Сэргээгдэх эрчим хүчний хуулиар энэ үнэ тарифийн бодлогууд зохицуулагддаг. УИХ-ын болоод ЗГ-ын түвшинд удаа дараа ярьсны үр дүн гарч байгаа. Энэ салбарын ихэнх хэсгийг эзэлдэг ард иргэдэд түгээж байгаа дулааны болоод цахилгааны эрчим хүч одоогоороо алдагдалтай байна. Ерөнхий дүнгээр 144 орчим төгрөгөөр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг 104 төгрөг 50 мөнгөөр түгээж байна
. 24 мянган төгрөгөөр үйлдвэрлэсэн нэгж дулааныг 15 орчим мянган төгрөгөөр түгээж байна.
Үүний нөгөө талд ААН-үүдэд ялангуяа уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдэд зарж борлуулж байгаа эрчим хүч ашигтай байгаа. Энэ хоёрын бланс дээр энэ жилийн дүн ашигтай гарсан. Хуулийн өөрчлөлтөөр цаашдаа эрчим хүчний үнийг УИХ, ЗГ улс төрийн түвшинд оролцохоо болиод гольдролоор нь жил бүр индексжүүлээд явъя. Үүнийг эрчим хүчний зохицуулах хороо валютын ханш, бинзен шатахууны үнэ зэрэг тухайн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулаад индексжүүлээд явдаг байя гэж. Анхны индексжүүлэлт хийгдээд энэ жилийн үр дүн эерэг гарсан. Ирэх жил энэ салбар санхүүгийн хувьд үр ашигтай ажиллах байх. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгөнөөс авдаг татаас ихээхэн багасна. Зөвхөн гадаадаас эрчим хүчээ авдаг баруун 5 аймаг л татаастай үлдэнэ. Бусад нь өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах боломжтой болно.
-III, IV дулааны цахилгаан станцид томоохон шинэчлэл хийсэн гэсэн. Чухам ямар шинэчлэл хийгдэв?
III цахилгаан, дулааны станцыг 50мвт-аар өргөтгөсөн. Хуучин 130мвт байсан одоо 180мвт хүчин чадалтай болсон. IV дулааны цахилгаан станцийг 123мвт-аар өргөтгөсөн. Хуучин 570мвт байсан одоо 700мвт орчим хүчин чадалтай болж байгаа. Энэ бол сүүлийн 30, 40 жилд хийгээгүй. Манай улс сүүлийн жилүүдэд нийт эрчим хүчнийхээ 20 орчим хувийг хоёр хөршөөсөө авч байгаа. Ийм үед энэ өргөтгөлийн ажил цагаа олсон, богино хугацаанд оновчтой болсон төслүүд гэж хэлж болно.
-Хэдийгээр станциудаа өргөтгөсөн ч эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд нэмэлт шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах ёстой. Хамгийн ойр дуулдаад байгаа бүтээн байгуулалтын ажил бол Багануурын уурхайг түшиглэж барих 700мвт хүчин чадалтай цахилгаан станцын төсөл байгаа. Энэ төсөл яг хэдэн жилийн дараа эрчим хүчээ үйлдвэрлэж эхлэх вэ?
Эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхдээ ирэх 20-30 жилээ харж төсөвлөдөг. Тухайлбал, 2030-40 онд Монгол Улсын хүн ам хэд болох, эдийн засгийн байдлыг ямар байхыг харж хэрэглээнийхээ тааз, тооцоог хийдэг. Засгийн газраас ирэх 30-40 жилийн эрчим хүчний хэрэглээг харсан бодлого хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхэлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон эх үүсвэр барихаар төлөвлөж байгаа. Багануурын цахилгаан станци, Өмнөговьд баригдах Тавантолгойн цахилгаан станци, Эгийн голын УЦС, Тавдугаар цахилгаан станциуд төлөвлөгдсөн. Үүний түрүүч нь болох 700мвт-ын хүчин чадалтай станцыг Багануурын уурхайн аман дээр барьж байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарч концессын гэрээ байгуулж өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр талбайн ажлын нээлт болсон. Энэ станци гурва жил гаруйн хугацаанд баригдаж ашиглалтад орно. 2019 он гэхэд төвийн, дорнод бүсийн эрчим хүч, Чойр, Замын-Үүд, Сайншандын чиглэлд эрчим хүч түгээх ёстой.
-Энэ төслийн санхүүжилт нэг тэрбум ам.доллар. Төслийн санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?
Концессийн төслөөр хэрэгжиж байгаа хамгийн том төсөл. Хөрөнгө оруулагч эрсдэлээ хүлээгээд, хөрөнгөө гаргаж барина. Тэгээд энэ станцыг 21,5 жилийн хугацаанд ашиглаад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж авна. Үүний дараа Засгийн газарт 100 хувь хүлээлгэж өгөх нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл энэ станцыг барихад улсын төсөв, татвар төлөгчдийн хөрөнгийн оролцоо байхгүй. Хөрөнгө мөнгөний үүрэг хүлээхгүй харин хамтран ажиллах дэд бүтцийг нь сайжруулах, бий болгох ажлаа Засгийн газар хийнэ.
-Сэргээгдэх эрчим хүчний тал дээр ямар бодлого барьж байна вэ. Төв аймгийн Салхитын хөндийд санхин сэнсүүд байдаг. Үр дүнгээ өгч байгаа юу?
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хамгийн том эх үүсвэр өнгөрсөн гурван жилд баригдаж ашиглалтад орсон. 50мвт хүчин чадалтай салхин парк. 130 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалттай, том төсөл. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө татсан, олон улсын болон монголын компаниуд хамтран хэрэгжүүлж байгаа төсөл юм. Энэ станц төвийн эрчим хүчний системд эрчим хүчээ нийлүүлж байгаа. Төлбөр тооцоо нь хэвийн хийгдэж байгаа. 2013, 2014 онд тодорхой хэмжээний хүндрэлүүд байсан. Үүнийг энэ жил сэргээгдэх эрчим хүчний хуулийн өөрчлөлтөөр шийдэж чадсан. Бид сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифтай болсон. Бусад улсууд үүнийг ногоон тариф гэж ярьдаг. Ийм дэмжих тарифтай болсноор цахилгаан эрчим хүчийг хэрэглэж байгаа айл болгон тодорхой хэмжээнд сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн тарифаар мөнгө төлж байгаа. Цаашид баригдах нарны, салхины, усан станциуд санхүү эдийн засгийн хувьд хүндрэл, бэрхшээлгүй таатай ажиллах нөхцөл бүрдсэн.
-Дэмжих тариф дээр иргэдийн дунд ойлголтын зөрүү байгаад байх шиг. Дэмжих гэдэг үг ороод ирэхээр сайн дурын үндсэн дээр төлөх ёстой төлбөр байтал компаничилах маягаар цахилгааны төлбөрөөс нэмэлт тарифаар мөнгө аваад байна гэсэн гомдол гардаг?
Хамгийн энгийнээр хэлэхэд айл өрх, аж ахуйн нэгж болгон хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ 4-5 хувийг салхин паркаас авч байгаа. Тийм учраас хуулиар салхин парк, нарны, усан эрчим хүчийг дэмжсэн харьцангуй өндөр тарифтай байдаг. Салхиных бол 160-180 төгрөг, нарны эрчим хүч бол 180-200 төгрөг, усан станци 160-170 төгрөг байхаар хуулиар тогтоосон тарифтай. Монгол Улс 2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгоё 2030 онд нийт эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр бий болгох зорилт тавьсан. Сэргээгдэх эрчим хүч амжилттай хөгжсөн дэлхийн бүх улс орнуудад дэмжих тарифыг бий болгосон байдаг. Энэ тарифыг манайх наймдугаар сараас эхлэн төлж эхэлсэн.
-Сэргээгдэх эрчим хүчний анхны хөрөнгө оруулалт нь өндөр, ашиглалтын зардал нь бага байдаг?
Анхны хөрөнгө оруулалт өндөр, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа урт байдаг учраас аливаа улс орон бодлогоор дэмждэг. Ингэж ажиллаж байж нүүрсний хэрэглээг бууруулж, дэлхийн дулаарлын эсрэг хувь нэмрээ оруулаг юм байна. Манайх ч бас энэ жишгээр явж байгаа анхны алхам юм.
-Аймгийн төвийн хэрэглэгчдийг төвлөрсөн дулаанаар холбож эхэлсэн тухай мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөөч?
Аймгийн төвүүдэд доод тал нь 10 дээд тал нь 80 уурын зуух ажиллаж утаа, бохирдлыг үүсгэж байгаа. Үүнийг шийдэхийн төлөө өнгөрсөн гурван жилд Хөвсгөл, Увс, Ховд, Сүхбаатар зэрэг аймгууд төвлөрсөн дулааны станцтай болсон. Цаашид үлдсэн аймгуудад дулааны станц барина.
-Өдөр шөнийн тарифтай тоолууртай айл өрхүүдэд хэрэглээнийх нь эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрийг Засгийн газар саяхан гаргасан. Энэ тухай тодруулаач?
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 1-ээс энэ тариф хэрэгжэж эхэлсэн. Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийн дагуу гэр хорооллын айл өрхүүдэд шинэ оны эхний нэхэмжлэх дээр 50 хувийн хөнгөлөлттэй очно. Зөвхөн Улаанбаатар хотод бус төвийн бүсийн 18 аймагт хамаарна. Энэ нь өвлийн цагт нүүрс түлж утаа гаргах бус цахилгаан халаагуур ашиглахыг дэмжсэн ийм л тариф. Ирэх жилээс бусад бүс нутагт олон хэлбэрээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Эгийн голын усан цахилгаан станцыг хэзээ барьж эхлэх вэ?
ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлууд 100 хувь бэлэн болсон. БНХАУ-ын Засгийн газраас зээл авахаар болсон. Хятадын тал нааштай хүлээж авсан. Станц барих газар руу засмал зам, цахилгаан дамжуулах шугам, Сэлэнгэ мөрөн дээгүүр гүүр барих ёстой, ажлууд нь эхэлсэн. Зээлийн тусгайлсан хэлэлцээрийг хавар дуусгаад намар гэхэд ажлууд эхэлнэ. Станц баригдснаар Монгол Улсын эрчим хүч өөрөө өөрийнхөө горим тохируулгыг хийж чаддаг болно. Хөрш орнуудаас авч байгаа эрчим хүчний эх үүсвэрийг давхар найдвартай болгоно гэсэн үг. Багануурын станц, Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол хамааралгүй ажиллах боломж бүрдэнэ. Гэхдээ ОХУ-тай эрчим хүчний шугам барьж барьж байгуулсан он удаан жилийн хамтын ажиллагаа, шаардлагатай үед бие биедээ цахилгаан өгдөг, авдаг байдал хэвээрээ үргэлжилнэ.
-Эгийн голын усан цахилгаан станц нь 700 сая ам.долларын өртөгтэй гэсэн сонссон. Энэ мөнгө бүгд бүтээн байгуулалтад зарцуулагдах уу?
Дэлхийн топ 10 инженерингийн компани болох Францын компани ТЭЗҮ-г хийсэн. Тэр компанийн судалгаагаар 800 гаруй сая ам.доллар шаардлагатай гэсэн. Үүний 100 гаруй сая ам.доллар нь энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай урьдчилсан дэд бүтцийг ажилд зарцуулагдана. 700 сая ам.доллар нь усан цахилгаан станцид шаардлагатай. Гэхдээ үүнд сонгон шалгаруулалт явуулна. Ингэхдээ үнэ өртөгөөр нь өрсөлдүүлнэ гэж тооцож байгаа.
-Чингис бондоос эрчим хүчний салбарт хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна вэ?
Эрчим хүчний томоохон төслүүдийг эхлүүлэхэд судалгаа, зураг төслийн шатанд хамгийн багадаа 2-3 жил болдог. Үүнийг хийхэд ихээхэн санхүүжилт хэрэгтэй. Амгалангийн станц, III, IV цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн станцын бэлтгэл, Эгийн голын усан цахилгаан станцын ажлууд бүгд Чингис бондын хөрөнгөөр явж байгаа
.