Засгийн газар

Ерөнхий сайд шилэн хяналтын системд нэгдэхийг уриаллаа

М.Энхмаа
2016-01-06 07:54

Өнөөдөр Ерөнхий сайд "Шийдлийн цаг" уулзалтаараа иргэд, аж ахуйн нэгжүүдийг www.shilenkhyanalt.gov.mn-д нэгдэхийг уриаллаа. Мөн Шилэн хяналтын шинэ системийн байнгын үйл ажиллагааг нь эрчимжүүлж, мэргэжлийн хяналт, гааль, татварынхан мэдээллээ тогтмол шинэчилж, ажлын дүнг улирал тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон байна. 

Уулзалтын үеэр ерөнхий сайд Ч.Сайханбилэг : 

"Төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж буй ачааллын талаарх тодорхой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой цахим хуудас бэлэн боллоо. Энэ шилэн системд мэргэжлийн хяналт, гааль, татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгээд байна. Өөрөөр хэлбэл, тооцоо төлөвлөгөө, судалгаагүйгээр аж ахуйн нэгжүүдийг хааж боомилохгүйгээр төлөвлөгөөтэй, урьдчилсан удирдамж өгдөг, хаана, хэзээ шалгалт хийх болон тухайн байгууллагад хэчнээн удаа, ямар хяналт яаж хийв гэдэг үйл ажиллагааг шилэн болголоо." гэжээ.

www.shilenkhyanalt.gov.mn нь үйл ажиллагааг хэрэгжүүлэгч, төрийн байгууллага, хяналтыг хянах албаны хүмүүс, олон нийт буюу вэб порталд зочлогч гэсэн дөрвөн төрлийн хэрэглэгчтэй.

Шилэн хяналтын шинэ системийн давуу тал : 

- Хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий ажилтнууд системд нэвтэрч шалгалтын төлөвлөгөө, удирдамжийг урьдчилан бүртгэнэ.

- Шалгуулагчид хяналтын үр дүнг оруулна.

- Хяналт шалгалтын байгууллагын удирдах ажилтан нь системд өөрийн эрхээр нэвтрэх бөгөөд статистикийн мэдээллийг харж, дүгнэлт хийнэ. 

- Удирдлагууд хяналтын системээр байцаагчдаа хэрхэн ажиллаж байгаа болон аж ахуйн нэгжүүдийн саналтай танилцана.

- Зөрчил гарч байгаа обьектуудыг хянаж, дүгнэлт хийн цаашид авах арга хэмжээг бодлогодоо тусгана.

- Хаана зөрчил гарч, шалгалт давхардаж байна гэдгийг статистик мэдээлэл харуулна. 

- Хяналтын тоо, хамгийн их хийгдсэн чиглэл, төрөл, хяналтад хамгийн олон өртсөн байгууллага, хяналттай холбоотой гарсан зардал, гомдолтой байгаа аж ахуйн нэгж, шалгалтын дүнгээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг статистик мэдээллээр харуулна.