Улсын их хурал

МИК-ийн захирал Д.Гантөгс : Урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээлийн эрсдэл тун бага

М.Энхмаа
2016-01-06 09:39

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр "Нийгмийн дундаж давхаргыг тэлж, хуримтлалыг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн урт хугацааны хөгжилд хүрэх нь" сэдвээр танилцуулга хийлээ. Энэ үеэр МИК-ийн захирал Д.Гантөгс 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн тайланг танилцуулсан байна.

МИК-ийн захирал Д.Гантөгс : 

Тасралтгүй нэмэгдэж байгаа ипотекийн зах зээлийн өсөлтийг санхүүжүүлэх, орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог хөгжүүлэх, нийгэмд хүртээмжтэй хөтөлбөрийг өргөжүүлэх зорилгоор орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Монгол улсын нийт 823412 өрхийн 537682 нь хот суурин газар амьдардаг. 2014 оны эцсээр хийсэн бүртгэлээр Улаанбаатар хотод 352812 өрх байгаагийн 148600 нь дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна. 204000 айл гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 189240 нь тохилог орон сууцанд амьдрах хүсэлтээ илэрхийлсэн.
 
Түүнчлэн аймгийн төвүүдэд хийсэн судалгаагаар төв суурин газар шилжих, Улаанбаатар хотод суурьших хүсэлтэй 15456 өрх бий гэсэн байна. Дээрх судалгааны үр дүнд ойрын 5 жилд Улаанбаатар хот, аймгийн төвүүдэд 205 мянга орчим орон сууцны хэрэгцээ, шаардлага байгаа дүр зураг гарч байна. Харин орон сууц худалдаж авах төлөвлөгөөтэй 170 мянга орчим өрхийн 64 мянга нь 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар төлөвлөн урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж байгаа. 
 
Ипотекийн зээл олголт 2010 оноос хойш тасралтгүй өсөн нэмэгдсээр 2013 оны эцсээр 2 их наяд төгрөгт хүрсэн бол 2015 оны сүүлээр 3.4 их наяд төгрөгийн үлдэгдэлтэй байгаа юм байна. Хамгийн хурдан өсөлттэй байгаа ипотекийн зээлийн санхүүгийн эх үүсвэр нь банкуудын үндсэн хуримтлалаас гадна айл өрхүүд, аж ахуйн нэгж, компаниудын хадгаламжийн хуримтлал байдаг. Зээлдэгчийн тоо 2010 оноос хойш 5 дахин өссөн нь маш хурдтай тэлж буй том зах зээл болохын илрэл юм. Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс харахад чанаргүй зээл 0.01 хувь байдаг. Тодруулбал, зээл авсан 47.500 орчим айл өрхийн 40 нь зээлийн эргэн төлөлтийнхөө хугацааг хэтрүүлсэн байна. Энэ  үзүүлэлтээс урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээлийн эрсдэл тун бага гэдгийг харж болно.