Улсын их хурал

Боловсролын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

М.Энхмаа
2016-01-08 03:10

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр хэлэлцсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Ганхуяг : Боловсролын чанар муу байна гэж хэлэхээс өөр арга байхгүй

Дээд боловсрол эзэмшигчил голдуу мэргэжлээрээ биш үйлчилгээний салбарт ажиллаад байх шиг байгаа юм. Ингэхээр боловсролын чанар муу байна гэж хэлэхээс өөр арга байхгүй. 

А.Бакей: Их, дээд сургуулиуд бие дааж хөгжих боломж хаалттай байгааг залруулах хэрэгтэй

Төрийн өмчийн их, дээд сургуулийн өмчийг барьцаалж зээл авах асуудал нь бусад хуультай зөрчилдөж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зөв хандлагатай болсон байна. Одоогийн хуулиар их, дээд сургуулиуд бие дааж хөгжих боломж хаалттай байгааг залруулах хэрэгтэй. Төрийн өмчийн, ашгийн төлөө, ашгийн бус гэсэн өмчийн 3 хэлбэр бүхий сургуульд төрийн зүгээс хийх зохицуулалт ялгаатай байх ёстой.

Д.Батцогт: ЕБС-уудад түлхүү анхаарал хандуулаад байх шиг

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Л.Гантөмөр сайдыг сайн ажиллаж байгаа сайд нарын нэг гэж үнэлдэг. Гэхдээ ЕБС-уудад түлхүү анхаарал хандуулаад байх шиг. Иргэд их, дээд сургуультай холбоотой асуудалд гомдол их гаргадаг. Сурагчдын амралтыг мал төллөх цагтай давхцуулдаг гэдэг ч  үүнийг бүсчилж зохион байгуулах шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

С.Одонтуяа: Хүүхдийн хүмүүжлийг эсвэл зөв хүмүүжилтэй хүүхдийг импортлох боломжгүй

Эрдэм боловсролтой монгол хүн гэж аж амьдралаа аваад явах чадвартай хүнийг хэлж байгаа. Өнөөдөр бид гаднаас бүх зүйлийг импортолж бна. Гэхдээ хүүхдийн хүмүүжлийг эсвэл зөв хүмүүжилтэй хүүхдийг импортлох боломжгүй. Хүүхдүүдийн амьдрах ухааны сургалт дутуу байна гэж гишүүд энд ярьдагаас биш бодитоор дэмждэггүй. Ирээдүйн Монгол улсыг хөгжүүлэх боловсролтой, чадвартай хүүхдүүдийг хаанаас ч импортлох боломжгүй, бид өөрсдөө хүмүүжүүлэх ёстой. Энэ олон дээд сургуулиудыг ашиглаж, хувьсах зардлыг шийдэж өгөөд амьдрах ухааны сургалт явуулж болно. Хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах хэрэгтэй гэж гишүүд матрын нулимс унагадаг ч төсөв хэлэлцэхээр боловсролын салбарын төсвийг танадаг. Энэ олон дээд сургуулийг ашиглаж, хувьсах зардлыг шийдэж өгөөд амьдрах ухааны сургалт явуулж болно.