Нийгэм

Б.Бундхорол : 100 мянган хүний гарын үсэг цуглуулж 20 хүртэлх гишүүнд хариуцлага тооцно

М.Энхмаа
2016-01-08 04:01

Б.Бундхорол гэх энэ залуу олон хоногийн турш төв талбайд чимээгүй суулт хийж, түүнийгээ "Уншихгүйгээс хойш гээд уриа лоозонгүй, сонсохгүйгээс хойш гээд дуугүй суулт хийж байна" хэмээн тайлбарласан нь олон хүний анхаарлыг татсан. Тэрээр суулт хийж эхлэхийнхээ өмнө буюу 2015 оны 11-р сарын 25-нд өөрийн фэйсбүүк хуудсандаа : 

" ...Ахиад 34 жилийн дараа намайг холоо явахад, саяхан төрсөн үр минь 34 хүрэхэд өр ширэнд баригдсан, өөдгүй мухай, ийм хогийн нийгэм үлдээмээргүй байна. Төр засаг нэрийн доор хэн нэгнийг нэр зохон шүүмжилмээргүй ч байна.

Би лав тэмцэнэ. Өөрийнхөө чадах чинээгээр, хэр хэмжээгээр. Тэглээ гээд нас минь богиносож итгэл минь унтарсан ч... Өөрийнхөө тулд, өшөө бас энэ хоёр хүүдээ чадах бүхнээ хийсэн гэж хэлэх үгтэй үхэхийн тулд би ийм шийдвэр гаргасан юм." хэмээн бичиж байжээ. 

Б.Бундхорол ТЭМЦЭЛ-ийнхээ дараагийн шатанд орж байгаа талаарх дараах мэдэгдлийг гаргасан байна. 


 ТЭМЦЭЛ II

Анхлан тэмцэнэ гэж ФБ дээрээ бичсэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш оноор нь хөөвөл 1 жил болчихсон байна. Сараар нь ярьвал 3 сар дамначихаж, харин өдрөөр нь тоолвол 43 хоног өнгөрчээ. Эл хооронд нийгэмдээ АНХААРУУЛАХ ТЭМДЭГ-ийн үүрэг гүйцэтгэж талбайн дээр 31 хоног дуугүй суулт хийсэн байна.

Харин одоо тэмцэлийнхээ дараагийнхаа шат буюу ХОРИГЛОХ ТЭМДЭГ-ийн үүрэг гүйцэтгэнэ гэдгээ та бүхэнд сонордуулъя. Мэдээж жаахан урт зүйл бичих төлөвтэй тул та алжаалгүй, заавал уншаарай хэмээн хичээнгүйлэн гуйя. Би аль болох товч бичихийг хичээе.

Анхдугаарт анхааруулан хэлэхэд, та бүхэн намайг 2016 онд УИХ, Нийслэл, аймаг, сум дүүрэг бүү хэл хороо хорин, СӨХ-ны сонгуульд ч өөрийн нэрээ дэвшүүлэхийг харахгүй. Би үүнийг амлаж байна.

Хоёрдугаарт хэлэхэд, илүү томоор хэлье НАДАД ЯМАР НЭГЭН УЛС ТӨРИЙН НАМ, ЭВСЭЛ ХҮЧНИЙ НӨЛӨӨ, ЯТГАЛГА байхгүй. Би тэднийг төлөөлөөгүй болно. Цэвэр иргэн хүний дур зоргоор, сайн дурын үндсэн дээр хийж буй ухамсарт үйлдэл юм. Нийгэмдээ нэг ч болох нь гэрэл асаах юмсан гэсэн чин хүслээс эхтэй билээ.

Надад та бүхний гарын үсэг хэрэгтэй. Ямар учиртай гарын үсэг вэ гэхээр одоо байгаа УИХ 76 гишүүнээс хамгийн муу ажилласан,  хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж буй 5 хүртэлх гишүүнийг сонгон бичээд, бодитой үндэслэлээ бичих хэрэгтэй. Ингэхэд л болно. Гэхдээ мэдээж миний бэлдсэн маягтын дагуу.

Яг энэ маягаар би та бүхнээс гарын үсэг цуглуулах бөгөөд миний тооцоолж байгаагаар 100,000 хүний гарын үсгийг 4 дүгээр сарын 1-ний дотор цуглуулахаар төсөөлж байна. Миний бие Улаанбаатар хот 9 дүүрэг, 21 аймгаар цуглуулахаар төлөвлөсөн. Энэ бол боломжтой зүйл. Бүү эргэлз. Арга барил, хэлбэр хийц, төлөвлөгөө төсвийг удахгүй та бүхэнд танилцуулах тул энэ талаар дараа өгүүлье.

Харин одоо ач тусыг нь цухас хэлэхэд, энэ бол маш их хэрэгтэй зүйл. Ач холбогдол асар өндөр. Мөн цэвэр иргэд өөрсдийн санал санаачлагаар өрнөж буй аян.

Эдүгээ УИХ-д буй болохгүй, бүтэхгүй 20 хүртэлх гишүүнийг тодруулах бөгөөд улс төрийн хувьд хариуцлага тооцох асуудал юм. Хамгийн олон санал авсан гишүүдийг УИХ-ын суудал авсан намуудын квотоор нь хуваагаад жишээлбэл, АН-аас 10 хүн, МАН-6 хүн, МАХН-3 хүн, БУСАД-1 хүн гэдэг ч юм уу эл намуудаас хамгийн олон санал авсан хүмүүсийг тодруулаад тухайн намуудад энэ хүмүүсийг дахин битгий нэр дэвшүүлээчээ хэмээн хүсэх, шахаж шаардах л асуудал гэсэн үг. Би энэ хэдэн төр барьж буй намуудад дургүйдээ ингээд байгаа юм бус. Харин ч дуртай даа илүү сайн сайхан болоосой гэсэндээ, түүн дотор төр барьчихаар олон сайхан аавын хүүхдүүд байгаад итгэсэндээ ингэж байгаа юм.

Мөн ингэснээр хуулиар далайлган өөрсдийгөө сонгох гэж хайрцаглаад байгаа шударга бус, муу муухай нөхдүүдтэй ард түмний хүсэл эрмэлзлэлээр хариуцлага тооцно. Мөн шинэ залуу ёс суртахуунтай залуучууд ба бие даагчид гарч ирэх үүд хаалга нээгдэх болно.

Ингэж чадаж гэмээнэ та бид болохгүй бүтэхгүй нөхдүүдтэй ард түмэн хариуцлага тооцож болдог юм байна гэдгийг харахаас гадна ХОРИГЛОХ ТЭМДЭГ тавьж чадна гэдэгт итгэлтэй байна.

САНАСАН САЙН ҮЙЛС БҮХЭН БҮТНЭ.

 

 
 

  1. 202.179.11.* zochin 2016-01-22 01:45
    Amjilt husie. Zow bodoltoi zorilgotoi zaluu bn.
  2. 183.177.105.* Зочин 2016-01-21 09:54
    Amjilt