Улсын их хурал
Ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
2016-01-08 08:23
УИХ-н дарга З.Энхболдод Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ нарын гишүүд өргөн мэдүүллээ.
Энэхүү хуулийн төсөлд барьцаанд байгаа эд хөрөнгөө :
-
Түрээслэх, хөлслөх зэрэг тохиолдолд өмчлөгч барьцаалагчаас зөвшөөрөл авахгүй
-
Худалдах, бэлэглэх тохиолдолд өмчлөгч барьцаалагчаас зөвшөөрөл авах
зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар зээлийн эргэн төлөлт хэвийн, найдвартай үргэлжлэх, 8 хувийн хүүтэй урт хугацаа бүхий “Орон сууцны зээлийн хөтөлбөр” хэвийн явагдах зэрэг боломж бүрдэх ажээ.
Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар : "8 хувийн хүүтэй орон сууцны зээл маш их эрэлттэй байгааг холбогдох байгууллагуудын мэдээллээс харж болно. Яг одоо 18 мянга орчим өрх 8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хүлээж байгаа. Нөгөөтэйгүүр, Монголбанкны удирдлагууд инфляци 2.9 хувьтай байгаа учир орон сууцны зээлийн 8 хувийн хүүг бууруулж, 5 хүртэл хувьд хүргэх бололцоо байна гэж хэлсэн. Бас нэг зарчмын шинжтэй чухал өөрчлөлт гэвэл, өнөөдөр 8 хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өрх сарын орлого 1.3 сая төгрөг байх шаардлагатай байгаа бол
энэ хууль батлагдсанаар сард 450 мянган төгрөгийн орлоготой өрх хамрагдах боломжтой болно
" гэжээ.