Ц.Баасандорж : Ирвэс хамгаалагч залуугийн хэрэг яах аргагүй хүнийг санаатай алсан хэрэг мөн
Ирвэс хамгаалах сангийн биологич залуугийн хэргийн талаар талийгаачийн аавын өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцсаныг хүргэлээ.
-Хэрэг их ээдрээтэй байна. Та яагаад өмгөөлөгчөөр нь ажиллахаар болсон бэ ?
Хэрэг 11 сарын 5-нд болсон. Түүнээс хойш 1 сар орчим хугацаанд олон нийтэд ил гараагүй. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нухацтай шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Байгаль хамгаалагч залуу учир битүүлгээр амь алдлаа, алга боллоо гэсэн асуудал яригдаад цогцос нь далайгаас олдсон. Хэрэг дээр нь анхаарал тавиад үзэж байхад Хөвсгөл аймгийн цагдаагийн газар Эрүүгийн хэргийн 95 гэдэг зүйл ангиар эрүү үүсгэж шалгаж байсан. Энэ зүйл анги нь бусдыг амиа хорлоход хүргэх гэдэг зүйл анги. Өөрөөр хэлбэл Лхагвасүмбэрэл гэдэг залуу амиа хорлосон, тэр хүнийг амиа хорлох нөхцөл байдлыг үүсгэсэн тэр хүмүүсийг хайх, шалгах ажиллагаа явуулж байгаа үйл явдал болсон. Үүний дагуу би ар гэрийнхэнтэй нь холбогдоод хууль, өмгөөлөгч хүнийхээ үүднээс миний тусламжийг авах шаардлагатай бол хэлээрэй гэсэн асуудал тавьсан. Ингээд ар гэрийнхэн нь надтай холбоо тогтоогоод хүсэлт тавьсны дагуу би энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаад явж байна.
" Амиа хорлох нь сэтгэцийн түр зуурын гутрал, хямралд маш богино хугацаанд үргэлжилдэг процесс."
Өмгөөлөгчийн зүгээс энэ гэмт хэрэгт эрүү үүсгэсэн Эрүүгийн хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэд хэдэн үндэслэл байгаа.
Тэр залуу өглөө 7 цагт Улаанбаатараас яваад Хөвсгөл далайд очиж живж үхсэн гэсэн асуудал яригдаж байгаа. Гэтэл амиа хорлох нь сэтгэцийн түр зуурын гутрал, хямралд маш богино хугацаанд үргэлжилдэг процесс.
Тэгтэл тэр залуу Улаанбаатар хотоос 1000 орчим километр явж амиа хорлоно гэж байх уу? За байлаа гэж бодоход Хөвсгөл далайн эрэг дээр 11 сарын үед далайн ус яг зайрмагтаж байгаа энэ үед далайн эргээс дотогшоо 70 орчим метрийн гүн рүү орж амиа хорлох асуудал байх уу? Тэгж амиа хорлосон байлаа гэж үзэхэд энэ залуугийн цогцос 4 метрийн гүнээс гарч ирдэг. Энэ залуу өөрөө метр 70,80 –ын өндөртэй. Гэтэл яагаад тэр залуу ийм өндөртэй байж 4 метр хүртэл яваад живж үхэж байгаа юм. Энэмэтчилэн энгийн хүний ухаанаар бодоход амиа хорлох арга хэлбэрийг сонгосон байдал, орон зай, цаг хугацаа дамжин амиа хорлох гэж явж байгаа байдал ч гэсэн амиа хорлосон гэх үндэслэлд таарахгүй байна.
Урьд нь ийш тийшээ явахдаа ар гэрийнхэнтэйгээ ямар нэгэн байдлаар холбоо барьдаг хүн урьдны гаргадаг үйлдлүүдээсээ огт өөр үйлдэл гаргасан байсан. Амиа хорлох шат дарааллын талаар ийм төрлийн нийтлэг гэмт хэргүүдийг харахад гэрээслэл бичдэг, буруутай хүнээ илчилдэг, ар гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэдэг, сүүлийн үед нэг л эвгүй байсан гэсэн өнгө төрх үддэг.
" Хүнийг санаатай алсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, хүн алсан, алсан байж болзошгүй этгээдүүдийг хайх ёстой."
Лхагвасүмбэрэлийн тухайд өмнөх өдөр нь аав ээжтэйгээ инээгээд утсаар яриад, амьдралын нөхцөл нь хэвийн байсан. Энэ нөхцөл байдлаас дүгнэхэд ч гэсэн амиа хорлосон гэсэн дүгнэлт яагаад ч байж болохгүй. Ийм учир битүүлэг үндэслэлүүд байсаар байхад Цагдаагийн байгууллага анхнаасаа Эрүүгийн хуулийн 95 гэдэг зүйл ангиар эрүү үүсгэж байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагааг буруу зүг рүү хандуулж байна. Эрүүгийн хуулийн 91.2 буюу хүнийг санаатай алсан гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, хүн алсан, алсан байж болзошгүй этгээдүүдийг хайх ёстой.
Одоо тэгтэл манай цагдаагийнхан амийг нь хорлуулсан байж магадгүй этгээдүүдийг хайгаад яваад байна. Зүйлчлэлийн хувьд анхнаасаа буруу явсан. Мөн цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд амиа хорлосон байж болзошгүй, сэтгэцийн асуудалтай байж магадгүй гэсэн ташаа мэдээллүүд цацсан
. Энэ хэргийг нарийн шалгах ёстой. Усанд живсэн хүн болгоныг амиа хорлосон гэж дүгнэж болохгүй.
-Та 4 метрийн гүнээс цогцос олдсон гэж хэллээ. Магадгүй талийгаач сэлж чаддаг байсан юм болов уу?
Үхлийн шалтгааныг л тогтоож дүгнэлт гаргадаг болохоос биш амиа хорлосон гэдэг дүгнэлт бол хаана ч байхгүй. Дүгнэлтээр үхлийн шалтгааныг тогтоохдоо уушгинд нь ус орсон ороогүй, гадны нөлөө байгаа байхгүй, биед нь гэмтэл байгаа үгүйг л тогтоодог. Бусдад алуулсан уу, амиа хорлосон уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох ёстой. Тогтоохдоо амиа хорлосон гэж итгэмээргүй нөхцөл байдал байгаад байхад амиа хорлосон хэмээн эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь өөрөө олон нийтэд эргэлзээ төрүүлж, цагдаагийн байгууллага энэ хэрэгт яагаад ингэж хандаад байна гэдэг гайхшралыг төрүүлж байгаа юм. Практикт ийм байдалд амиа хорлосон тохиолдол нэг ч байхгүй.
Нэвтрүүлгээр гарсан ноцтой хэд хэдэн бичлэгүүдийг цагдаагийн байгууллагад гаргаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл нас барахынхаа өмнө хүртэл гар утсан дээрээ бичлэг хийгээд үлдээчихсэн, тэр бичлэг нь цагдаагийн газарт байсаар байтал амиа хорлосон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс би үүнийг юу гэж харж байна гэхээр хэргийг илрүүлэхгүй бол цагдаагийн байгууллагын нэр хүнд унадаг. Тиймээс живээд үхсэн байдлаар нь амиа хорлосон гэж үзээд хэргийг хаах нь цагдаагийн байгууллагад ашигтай, үйл ажиллагаа явуулахад амар байдлаар хандаад байна гэж харж байна. Хэрвээ хэн нэгэн хүн энэ залууг алсан байж магадгүй гэсэн эрүүгийн хэрэг үүсгэвэл далайг бүтэн самнах, завьтай хүмүүсийн бүгдийг нь байцаах гээд ул мөр хайх үйл ажиллагаанууд явагдана.
-Та гар утсандаа хийсэн бичлэгийнх нь талаар ярьж өгөөч. Зарим нэг бичлэг нь гарсан байсан.
" Бичлэг талийгаач ганцаараа биш хоёрдогч, гуравдагч хүн байсныг нотолж байгаа."
Аавынх нь яриагаар нэг бичлэг мөрөн орчимд, хоёр дах бичлэг яг нас барахынх нь өмнө далайн эрэг дээр хийгддэг. Бичлэг хийсэн гар утас нь машины суудлынх нь далд газраас олдсон ийм асуудал байгаа. Бичлэг дээрх яриа олон нийтэд ил болсон. Бичлэг талийгаач ганцаараа биш хоёрдогч, гуравдагч хүн байсныг нотолж байгаа.
Эндээс юу гэж үзэж байна гэхээр энэ залууг зохион байгуулалттай хэсэг бүлэг нөхдүүд уул уурхайн компаниуд мөнгө баялаг, лицензтэй холбоотойгоор дарамталдаг байж байгаад эцэстээ үгэнд нь орохгүй өөрсдийг нь эсэргүүцээд ирэхээр мэргэжлийн өндөр түвшинд амиа хорлосон болгож харагдуулах маягаар алсан байж магадгүй. Гэтэл цагдаагийн байгууллага маань алсан хүн нь олдохгүй байна гээд амиа хорлосон гэж шалгаад байвал иргэний амь насыг хамгаалах, гэмт этгээдийг олж тогтоох үйл ажиллагаа хангалтгүй явагдаж байна гэж үзэхээс өөр арга байхгүй. Бусдын амь насыг хөнөөнө гэдэг тодорхой шалтгаан, зорилготой байдаг. Тэгэхээр энэ хэрэг талийгаачийн явуулж байсан үйл ажиллагаатай холбоотой байх магадлал маш өндөр байгаа. Талийгаач Тост Тосон бумбын нуруунд ажиллаж байхдаа нутгийн иргэдтэй нийлж уул уурхайн компаниудын
" Хутгалсан хүн нь олдохгүй байгаа учраас өөрийгөө хутгалсан гэсэн үг."
ашиг сонирхлыг хөндсөн лицензыг цуцлуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг байсан. Нутгийн удирдлагууд хүртэл дургүй байдаг байсан. Тийм ч учраас Өмнөговь аймагт хутгалуулж байсан тохиолдол байдаг. Улаанбаатар хотод хүртэл барьцаалуулж, хутгалуулан ухаан алдаж байсан тохиолдол байгаа. Үүнийгээ шалгуулахаар цагдаагийн газарт өргөдөл гаргахаар нөгөө цагдаагийн газар нь хутгалсан хүн нь олдохгүй байгаа учраас өөрийгөө хутгалсан гэсэн үг гэх зэргээр талийгаачийг доог тохуу болгож харьцсан байдаг. Энэ талаар хохирогчийн аав ярьсан. Талийгаач гэртээ очоод аав ээждээ бүгдийг нь яриад, гар утсаа салгаад, гэртээ бүгээд амьдарч байсан тохиолдол байгаа.
-Хөвсгөл далайд албаар живүүлсэн гэж таамаглаад байна уу? Эсвэл ямар нэгэн байдлаар амь насыг нь бүрэлгэчихээд далайд хаяж ул мөрөө балласан гэж хардаад байна уу ?
Талийгаач далайд живж, уушиг руу нь ус орон амьсгалах боломжгүй болж нас барсан байдаг. Эндээс харахад талийгаач далайн эрэг хүртэл амьд байсан. Тэгээд ганцаараа ирээд үхсэн мэтээр ул мөр үлдээлгүй зохион байгуулсан учраас цагдаа нар амиа хорлосон гэж үзээд байгаа. Уг нь энэ хэргийг явуулж байсан үйл ажиллагаа болоод удаа дараа өртөж байсан халдлагатай нь холбоотойгоор шалгавал өөрөө амиа хорлосон гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэхгүй.
Нөгөөтэйгүүр Улаанбаатар хотод ажлын хэсэг гаргасан гэх боловч мэргэжлийн удирдлагаар хангахаас өөрөөр хэргийг татаж авчраад шалгаад байгаа юм алга байна. Яагаад Улаанбаатарт авчирч шалгахгүй байна гэхээр амиа хорлосон гэдэг чинь хүндэвтэр гэмт хэрэг учраас харьяаллаараа онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэсэг шалгаж болохгүй болчихоод байгаа юм.
-Амиа хорлосон гэх зүйл ангиар хэрэг шалгагдаад байгаа гэлээ. Та үүн дээр юу хийх гэж байна вэ ?
Амиа хорлосон нь тогтоогдоогүй тохиолдолд гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж энэ хүнийг алсан байж болзошгүй этгээдүүдийг эрэн сурвалжилж олж тогтоох ажиллагаа явуулах эрх нь прокурор болоод цагдаагийн байгууллагад байгаа. Цаашдаа бид энэ төрлийн гомдол хүсэлтийг цагдаагийн байгууллагад удаа дараа гаргаад явна.
" Манай цагдаа амиа хорлосон гэж үзсэн олон нийт буруу гээд байгаа, бид цагдаагаа хамгаалах ёстой гэсэн үүднээс хандаж болохгүй."
Үнэхээр энэ залуу бусдад алуулчихсан, амь насыг нь зохион байгуулалттайгаар бүрэлгэчихээд байхад амиа хорлосон гээд хэргийг нь хаачих юм бол энэ залуугийн амьдарч ирсэн цаг хугацаа, байгалиа хамгаалж нийгмийн төлөө ажиллаж байсан нэр хүнд нь эцэстээ амиа хорлолтоор л дуусчихаж байгаа юм. Цагдаагийн байгууллага манай мөрдөн байцаагчийн зөв гэж хандалгүйгээр ажил хэрэгч байдлаар, мөрдөгч хүний үүднээс бүх логик гаргалгааг бодож зөв зүйлчлээсэй
гэж хүсэж байна. Тэрнээс биш манай цагдаа амиа хорлосон гэж үзсэн олон нийт буруу гээд байгаа, бид цагдаагаа хамгаалах ёстой гэсэн үүднээс хандаж болохгүй.
Хамгийн сүүлд талийгаач машиныхаа хаалгыг хаагаад гарч байгаа цаг хугацаанаас хойш 10 цаг бичлэг хийгддэг. Ер нь бол маш олон асуудлууд байгаа. Энэ бол яах аргагүй хүнийг санаатай алсан гэмт хэрэг мөн
. Маш олон үндэслэл, сэжүүрүүд байгаа. Цагдаагийн байгууллагын удирдлагууд хэргийг өөр дээрээ татаж авчраад үзээсэй гэж үзээд байна. Энэ залуугийн амь нас хохирсон шалтгааныг маш нарийн тогтоох ёстой. Ялангуяа уул уурхайн компаниудтай холбоотой, маш их мөнгө лицензтэй холбоотой асуудал байж болзошгүй учраас хамгийн түрүүнд уул уурхайн компаниудын удирлага болоод холбоотой харилцаа, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хүмүүсийг байцааж шалгах ёстой.Яагаад гэхээр энэ байгууллага үндсэндээ иргэнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиг үүрэгтэй. Тэрнээс биш нэг мөрдөн байцаагчаа хамгаалах чиг үүрэгтэй байгууллага биш.
"Сэтгэцийн өвчтэй байсан гэсэн ганцхан гэрчийн мэдүүлэг олчих юм бол хэргээ хаах гээд байгаа ч юм шиг харагдаад байна."
Хохирогчийн аав нэг зүйлд гомдолтой байгаа. Цагдаагийн байгууллага сүүлдээ талийгаачийн ойр дотны хүмүүсээс энэ залуу сэтгэцийн хувьд эрүүл байсан уу гээд яриад явж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн алуурчныг хайхгүй хохирсон этгээд рүү чиглэж үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Сэтгэцийн өвчтэй байсан гэсэн ганцхан гэрчийн мэдүүлэг олчих юм бол хэргээ хаах гээд байгаа ч юм шиг харагдаад байна.
Энэ залуу сэтгэцийн хувьд цоо эрүүл байсан нэг ч удаа сэтгэцийн эмчид үзүүлж байгаагүй.
-
103.26.195.*
Зочин
2016-01-10 13:03
sanal neg bna0 0 Хариулах