Улсын их хурал

Б.Гарамгайбаатар : 8 хувийн зээлийг цагаан сараас өмнө олгож эхлэхийн төлөө тууштай ажиллана

М.Энхмаа
2016-01-11 03:28

8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг хэвийн үргэлжлүүлэхээр Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан УИХ дах АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцсаныг хүргэлээ. 


-8 хувийн зээл хэвийн явж байхад Үндсэн хуулийн цэц шийдвэр гараад зээлийг зогсоосон. Одоо ингээд хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулчихвал эрхзүйн орчин нь яаж өөрчлөгдөх вэ ?

Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэр 2013 оноос хойш хэрэгжиж хуулийн дагуу хэрэгжиж байсан ажлыг бүрэн зогсоосон. Тийм учраас УИХ-ын гишүүд тэр дундаа АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-ын гишүүдийн төлөөлөл оролцсон хуулийн төслийг өргөн барьж байгаа. Энэ хуулийн төсөл иргэний хуулийн үл хөдлөх хөрөнгийн хэсэг болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалан зээлдүүлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ирж зогсчихсон байгаа үйлчлэлийг зорилготой өргөн баригдсан.

-Монгол банкнаас гаргасан судалгааг хараад байхаар 2015 оны сүүлийн хагас жилд зээл олголтын хэмжээ, зээл авч байгаа хүмүүсийн тоо харьцангуй буураад явчихсан байна. Тэгэхээр одоо хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулаад эрхзүйн орчинг нь бүрдүүлээд өгчихөөр зээл олголтын хэмжээ нэмэгдэх бүрэн боломжтой юу ?

Одоо 18 мянга орчим иргэд ипотекийн зээлийн хэрэгжилтийг хүлээгээд зогсож байна. Хэдийгээр эдийн засаг хямарсан , худалдан авах чадвар муудсан гэж ярьж байгаа боловч энэ нөхцөлийг ашиглаад, хямралыг ашиглаад оновчтой шийдлүүд гарах боломж байна гэж үзсэн учраас энэ асуудлыг хөндсөн. Тэгэхээр санаа зовох зүйлгүй ипотекийн зээлд хамрагдах боломж байна л гэсэн үг.

-Өнөөдөр олон нийтийн хариулт авахыг хамгийн их хүсч байгаа зүйл яг энэ зээл олголт маань хэзээнээс хэрэгжээд эхлэх бол гэсэн хүлээлт байна.

АН-ын даргын хэд хоногийн өмнө телевизээр өгсөн ярицлагууд, чуулганаар он солигдох мөчид хэлсэн үгүүдээс харахад цагийн сарын өмнө энэ хуулийг хэрэгжүүлээд эхэлнэ. Дахин сэргээгээд ард иргэддээ үйлчилгээг нь үзүүлээд эхэлнэ гэсэн үг. Тийм учраас АН-ын бүлэг болоод бидэнтэй хамтран ажиллаж байгаа Шударга ёс эвслийн бүлгийн гишүүд цагаан сарын өмнө энэ хуулийг батлахын төлөө тууштай ажиллана гэсэн зарчмыг баримталж байна.  

-Хүү нь 8 хувиас буурчих юм бол өрхийн орлого хэд байхад зээлд хамрагдах нөхцөл бүрдэх вэ?

Өмнө нь өрхийн сарын орлого 1 сая 300 мянга орчим төгрөгтэй тэнцэж байж 8 хувийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлж байсан. Одоо энэ хууль гараад зээлийн хүү 5 хувь руу шилжих юм бол өрх сард 510 мянган төгрөгтэй орлоготой байхад хамрагдах боломж бүрдэнэ. Үндсэндээ 40 метр квадрат талбайтай байрыг авах боломж хангалттай бүрдэж байгаа юм. Мөн 80 метр квадратаар хязгаарлаж байсан бол одоо тийм зүйл байхгүй болно.

-Аль улс төрийн хүчин ЗГ-т ажиллаж байгаагаас үл хамаараад хууль эрхзүйн орчныг тогтвортой бүрдүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ ?

Саяын цэцийн дүгнэлт ямар их хор уршиг авчирч иргэдийн хямрааж байгааг бүгдээрээ харлаа. Үүнээс тогтолцоо  ямар байгаа нь тодорхой харагдаж байна. Тиймээс одоо УИХ эрхзүйн орчныг 8 хувиас илүү сайжруулах нөхцөлийг л бүрдүүлээд, хуульчилаад гаргачихна. Үүнийг ЗГ тогтвортой хэрэгжүүлэх үүрэгтэй. Аль ч УИХ, ЗГ гарсан энэ хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр дагуу явах ёстой болохоос гарч ирээд өөрчлөх боломж байхгүй гэж үзэх ёстой.

-Үндсэн хуулийн цэцийн тухай хууль өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэгдсэн л дээ. Магадгүй зүгээр урсгалаараа явчих байсан энэ хуулийн төсөл Үндсэн хуулийн цэц 8 хувийн зээлтэй холбоотой шийдвэр гаргаснаар илүү олон хүний анхаарлын төвд ороод ирчихсэн.  

Зайлшгүй хэлэлцэхээс өөр арга байхгүй. Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргаад, үүнийг нь УИХ-д суудалтай тодорхой намууд улс төрийн оноо авах гэж дэмжсэнээс болж энэ асуудал үүссэн. Тийм учраас одоо Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлэгт орж байна. Энэ хэлэлцүүлгээр цэц үйл ажиллагаагаа тодорхой чиглэлтэй болгочих байх. Ингэснээр бидний өргөн барьсан хуулийн төсөлд дахиад ямар нэгэн эсэргүүцэл гарахгүй байх гэж бодож байгаа. Ард олноо гэж үнэхээр бодож байгаа бол иргэдээ орон сууцжуулах энэ ажил үргэлжлэх ёстой. Энэ бол АН-ын амлалтуудын гол хэсэг. Үүнээс гадна бид 3 чухал хуулийг батлан гаргасан. Эхнийх нь ипотекийн зээлтэй холбоотой хууль, нөгөөх нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж эдийн засгаа сэргээх хууль, дээр нь үл хөдлөх хөрөнгөөс гадна хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгодог хуулийг батлан гаргасан. Үндсэндээ энэ хугацаанд эд хөрөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулж ард иргэд маань өөрсдөө амьдралаа аваад явчих боломжтой гол хуулиудыг баталсан