'Гэр хороололд амьдардаг хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл их байгаа'
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Японы Сейтоки их сургуулийн профессор хатагтай Кейко О,Китагаваг хүлээж авч уулзлаа.
Уулзалтын үеэр Профессор Кейко О,Китагава :
" Монгол улстай сүүлийн долоон жилийн турш холбоотой ажиллаж байна. Энэ хугацаанд Улаанбаатарын агаар, ус, хөрсний бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран судалж буй юм. Бидний судалгааны гол цэг нь гэр хороолол. Хөрс, усны бохирдол ихтэйгээс гадна Улаанбаатарын агаарын бохирдлын эх үүсвэр болж буй гэр хороололд амьдардаг хүмүүсийн амьжиргааны түвшин доогуур, ажилгүйдэл их байгаа
нь судлаачдын санааг зовоож байгаа." хэмээн ярьжээ.
Тэрээр гэр хороололд ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх боломжийг хайж Хөдөлмөрийн сайдтай уулзах хүсэлт тавьсан бөгөөд олон улсын байгууллагын шугамаар санхүүжилт олж хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтрахыг Г.Баярсайхан сайдаас хүссэн байна.
Үүний дараа Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан монголчуудын төлөө сайхан сэтгэл өвөрлөн зүтгэж буй Кейко О,Китагавад талархаад Монгол Улсын Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, иргэдээ ажилтай орлоготой байлгаж, амьжиргааны түвшин, амьдрах орчны таатай байдлыг дээшлүүлэхийн төлөө олон талын арга хэмжээ авч буйг танилцуулсан аж.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан :
" Гэр хорооллыг барилгажуулах, нүүрсний оронд ахуйн хийг хэрэглээнд нэвтрүүлэх замаар түлшийг өөрчлөх ажлыг хийж байгаа. Хөдөлмөрийн яамны хувьд нийгмийн бүлгүүдэд хандсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой долоон хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд өмнөх жилүүдэд эдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд олон хүн байнгын болон түр ажлын байртай болсон. Мөн хувиараа аж ахуй эрхэлдэг хүмүүст шинээр ажлын байр бий болгосон тохиолдолд санхүүгийн болон тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлдэг
. Хэдийгээр төр засгаас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж буй ч сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаснаас үүдэлтэй эдийн засгийн бэрхшээлтэй байдал бий болсон нь ажилгүйлдийг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. " гэжээ.