АН бүлэг : Түрээсээр орон сууц эзэмшүүлэх болоод бизнесийн моргейжийн зээл олгох асуудлыг дэмжинэ
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдааныхаа дараа мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Харин Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж бүлгийн гишүүд үзсэн байна.
Түүнчлэн Д.Ганбат нарын гишүүдийн өргөн барьсан Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж, чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Өргөдлийн байнгын хорооны даргын сонгуульт хугацаа дуусгавар болсон тул тус байнгын хорооны даргаар Ардчилсан намын бүлгээс Ж.Батзандан гишүүнийг нэрийг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
С.Одонтуяа: Бүлгийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцээд, тодотголоор 40 орчим тэрбум төгрөг нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Гэвч байгууллагуудын бэлтгэл муу байгаа талаар иргэдийн зүгээс гомдол санал ирж байгаа. Сервер нь ачааллаа дийлэхгүй байгаа хэдий ч иргэд болон байгууллагуудыг чирэгдэлгүй болгох талаар шуурхай арга хэмжээ авч байгааг Ерөнхий сайд мэдэгдсэн. Бүлгээс Засгийн газарт уг асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлснээр иргэд бүгд татвараа төлдөг, төлсөн татвараасаа эргээд урамшуулал авдаг болно. Хамгийн гол нь далд эдийн засаг ил болно. Мөн Ажилгүй байгаа иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулах, ажлын байртай болгох тал дээр онцгой анхаарч ажиллахыг Хөдөлмөрийн сайдад үүрэг болголоо.
Өнгөрсөн долоо хоногт Монгол шуудан банкны төрийн өмчийн 34 хувийг нь хувьчлах асуудал зарлагдаад, 6.2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөж байсан ч 12 тэрбум төгрөг давсан үнийн дүнтэй санал ирсэн. Төр тодорхой тооны өмчөө хувьчилж хөрөнгө босгох ажил амжилттай явж байгааг ярьсан.
Ипотекийн зээлийн хувьд өнгөрсөн хугацаанд 75 мянга гаруй өрх энэ зээлд хамрагдсанаас ердөө 40 хүн буюу 0.75 хувь нь зээлээ төлөхөд хүндрэл учирсан байгаа. Иймд энэ зээл бусад зээлийг бодвол хамгийн эрсдэлгүй, боломжит зээл гэж үзээд, цаашид хүүг нь бууруулах, нийгмийн дунд давхаргын иргэдийг аль болох олноор хамруулахын талаар тодорхой алхмуудыг хийхээр боллоо.
Иргэдийн худалдаж авах байранд санаа тавихаас гадна мөн түрээсийн орон сууцны талаар иргэдээс УИХ-ын гишүүдэд санал, хүсэлт их ирж байгаа тул Засгийн газартай ярьж тохиролцоод, зохицуулалт хийж зарим орон сууцыг түрээсийн байр хэлбэрт шилжүүлэх тухай ярьсан. Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож бууруулснаар иргэдэд очиж байгаа ачаалал төдийлөн буурахгүй. Хэдийгээр тухайн үедээ төлөх төлбөр нь багасч байгаа ч сар бүр төлөх төлбөр нь ихээр нэмэгдэнэ. Иймээс бид хүүг нь бууруулах тооцоо судалгаа хийж ажиллаж байна. Мөн энэ хэлбэрээр байр авах боломжгүй хүмүүс бий. Жишээ нь: Эмч, багш, цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, мөн өрх тойлгойлсон олон хүүхэдтэй ээжүүд байр авах боломж муу байдаг. Тиймээс эдгээр хүмүүст төрөөс тодорхой хэмжээний тэтгэлэг олгох боломжтой эсэхийг ипотекийн зээлийн хүрээнд шийдэхийг зорьж байгаа.
Б.Гарамгайбаатар:Түрээсээр орон сууц эзэмшүүлэх асуудал яригдаж байна
. Залуу гэр бүлүүд болон өндөр настнуудад илүү хамааралтай энэ асуудлаар удахгүй Засгийн газар шийдвэрээ гаргаж, журмаа боловсруулна. Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт баригдсан орон сууцнуудаас тодорхой хэсгийг нь түрээсийн орон сууцаар ашиглуулах зохицуулалтыг хийж өгнө гэсэн үг. Дээр нь Засгийн газраас бизнесийн моргейжийн зээлийн асуудлыг оруулж ирнэ. Энэ нь жижиг худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зээл юм. Засгийн газраас түрээсэлж буй ажлын байраа ипотекийн найман хувийн зээлтэй нэгэн адил хүүтэйгээр моргейжийн зээлээр худалдан авах боломж байна гэдгийг судалсны дагуу энэ асуудлыг удахгүй бүлэгт танилцуулна. Ардчилсан намын бүлэг энэ хоёр асуудлаар Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдгээ бүлгийн хурлаараа хэлэлцэж шийдвэрлэлээ.