2016 онд жижиг, дунд үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Хөгжлийн банкны эх үүсвэрээс зээлийн хүүг 9 хувиар тооцон, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор олгох ажээ.
Жижиг, дунд үйлдвэрийг 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр 2016 онд үйлдвэрлэлийн салбарт 10 орчим мянган ажлын байр шинээр нэмэгдэж, 4682 орчим ажлын байр хадгалагдаж үлдэх юм
байна. Мөн үйлдвэрийн салбарт өсөлт гарч, экспортыг нэмэгдүүлэх, ДНБ-ий хэмжээ жил бүр тодорхой хувиар өсөх боломжтой бөгөөд аймаг орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар төвлөрлийг бууруулж, шилжилт хөдөлгөөнийг сааруулах ач холбогдолтой ажээ.
Засгийн газар "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш жил тутам улсын төсөв, банкны оролцоо болон зээлийн эргэн төлөлтөөс олгогдсон зээлийн хэмжээг графикаар харууллаа.