Инновацийн төслийн сонгон шалгаруулалт зарлагдлаа
БСШУЯ-аас оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор 2016 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох, шаардлагыг бүрэн хангасан инновацийн төслийн саналыг энэ сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл (http://www.project.edu.mn/) цахим хаягаар бүртгэнэ. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 213 тоот өрөөнд ирүүлж болно.
Инновацийн төсөлд тавигдах шаардлага:
- Инновацийг бий болгох нэгдсэн зорилго бүхий саналыг агуулсан байх
- Урьдчилсан судалгаа хийгдсэн, оюуны өмч нь баталгаажсан байх
- Мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, шинэ дэвшилтэт технологийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх
- Шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид хамтран оролцсон, төсөл хэрэгжүүлэх хүний нөөц болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын бааз бүрдсэн байх
- Төслийн санхүүжилтээр худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан хавсаргах, техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, зардал, үр ашгийн тооцоог хийсэн байх
- Төсөл хэрэгжих хугацаа 2-3 жил, санхүүжилт 90 хүртэл сая төгрөг, цалингийн зардал төслийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх
Инновацийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлага :
- Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсвэл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх
- Импортыг орлох буюу экспортын нөөцийг өсгөхөд чиглэсэн байх
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь оюуны өмчийн эзэмшигч байх, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх
Инновацийн төсөлд дэмжлэг үзүүлэхгүй тохиолдлууд:
- Инновацийн бүтээгдэхүүний шаардлагыг бүрэн хангаагүй бол
- Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хуульд заасан инновацийн үйл ажиллагаа болон түүнд баримтлах зарчимтай нийцэхгүй бол
- Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч нь өөр улсад бүртгэлтэй бол
- Инновацийн үйл ажиллагааны санхүүжилт хүсэгч этгээд нь төсөв болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөртэй бол