Улсын их хурал

Ипотекийн зээл олгох хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

М.Энхмаа
2016-01-13 04:29

Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Ипотекийн зээлтэй холбоотой эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Х.Тэмүүжин: Ипотекийн зах зээлийн асуудалд ҮХЦ мэдрэмжгүй хандсан

ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэж хүчингүй болгосон ипотекийн зах зээлийг эргүүлж эрх зүйн орчинтой болгох гэж байна. Эрэлт ихтэй ипотекийн зах зээлийн асуудалд ҮХЦ мэдрэмжгүй хандсан. ҮХЦ-ийн тухай хуулиар ҮХЦ-ийг асуудалд хариуцлагатай, мэдрэмжтэй ханддаг болгохыг зорьж байгаа. Бид нарын хэлэлцэж байгаа хуль бол ипотекийн зах зээлийг эрсдэлгүй болгож байгаа гэдгийг дурдах ёстой. Энэ хуулийн төслийг хурдан батлах хэрэгтэй. Ипотекийн зах зээл дэх олон ААН-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орох гээд байна. ҮХЦ-ийн гишүүдийн хувийн үзэл суртлаас илүү улс орны эрх ашиг чухал гэж үзэж байна.

С.Эрдэнэ: Энэ хууль хүлээлт үүсгэчихээд байна 

ҮХЦ өөр бусад төрийн алба ч ялгаагүй улс орныхоо язгуур эрх ашгийг өмнөө тавьдаг байх ёстой. Энэ хууль зайлшгүй батлагдах хэрэгтэй хууль. Учир нь тус хуулийн цаана маш олон хүний амь амьдрал зогсчихсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотын утааны асуудлаас болж эрүүл мэнд амь амьдралаараа хохирч байгаа бүх л хүн ипотекийн зээлийн үр нөлөөг ойлгож байгаа. Үүний ард олон иргэдийн хүлээлт байгаа. ҮХЦ ипотекийн зээлийн хэрэгжилтэд тээг болсон шийдвэрийг гаргасан нь харамсалтай хэрэг. Үндсэн хуулийн заалтаар маргаан үүсгэх субъектийг ч мөн тодорхой болгох нь зөв гэж бодож байна.  

Ж.Батзандан: Муу ч, сайн ч арилжааны банкууд монголын зах зээл дэх том тоглогчид байдаг. Иргэд зээлийн өндөр хүүнээс залхаж байгаа. Монголын банкуудын холбооноос ирсэн бичгийг харахад дахин тодруулах зүйл байна. 

Иргэний хуульд нэмэлт оруулах болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг тус байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Ингэснээр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэвийн олгох нөхцөл бүрдэхэд нэг алхам ойртож байгаа юм.