Улсын их хурал

Ц.Оюунгэрэл: Соёлын дархлаагаа сайжруулахгүй бол тусгаар тогтнолд аюултай-Онцлох эшлэлүүд

М.Энхмаа
2016-01-13 07:34

Он гарсаар хэд хэдэн чухал хууль хэрэгжиж эхлээд байна. Түүний нэг нь Монгол соёлоо хадгалж үлдэх, түүнийг төрийн бодлогын хэмжээнд дэмжих үүднээс кино театр болон телевиз, радиогоор гарч буй гадаадын контентод хязгаарлалт тавьсан Соёлын тухай хууль юм. Энэ хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ тухай уг хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй хийсэн ярилцлагын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


 Соёлын тухай хуулийн талаар : 

Соёлын тухай хууль шууд хэрэгжээд эхэлчихсэн, тодорхой хугацааны дараа хуулиа биелүүлээгүй бол шаардлага хүргүүлж, хариуцлагаа тооцоод эхэлнэ.

Квот үйлчлэх хүрээ нь олон нийтийн телевиз, өргөн буюу агаарын долгионоор цацаж буй болон кабелийн телевиз, радио дээр бий. Мөн IPTV-ийн видео сан, кино театрын сар тутам үзүүлэх кинонд квот тогтоож өгсөн.

Заасан квотыг биелүүлэхийн тулд соёлын салбар тэр чигтээ хөдлөхөөр л хууль болсон. Яагаад гэвэл үндэсний контент буюу урлаг, соёлын тоглолт, үзмэр, үзэсгэлэн, жүжиг зэргийг телевизээр гаргахын тулд бичлэгийг нь хийх хэрэгтэй болно оо доо.

Энэ хуулиар зохицуулагдаагүй зүйлийн нэг бол интернэтийн “life stream”. Өөрөөр хэлбэл дэлхий даяар интернетээр шууд цацагдаж буй контентыг зохицуулаагүй.

Соёл ба үндэсний аюулгүй байдлын талаар : 

Соёлын контентоо маш өндөр түвшинд үйлдвэрлэдэг орнуудад бол контентын квотыг маш өндөрт тавьдаг юм билээ. Ашиг гэхээсээ илүүтэй аюулгүй байдлын хэмжээнд авч үзээд байгаа юм.

Өөрийнхөө соёлыг мэдэхээ болихоор тухайн орных нь тусгаар тогтнол алдагдана гэж үздэг юм билээ. Тухайн улсын иргэн өөрийнхөө угсаа гарал, соёл, заншлыг мэдэж, үүх түүхээрээ бахархаж байж тэр орон тогтвортой хөгждөг.

Соёлын дархлаа сайтай улс дэлхий нийтийг тогтвортой байлгахад гол нөлөө үзүүлдэг гэж үзээд байна. Тиймээс соёлын дархлааг сайжруулах нь дэлхийн энх тайвны асуудал гэсэн үг.

Сошиал ертөнц бол хүний бий болгосон цоо шинэ ертөнц. Үүний түрлэгт хэн хамгийн их хуйларч байна вэ гэхээр суурь соёлын үнэт зүйлээ бэхжүүлж чадаагүй газар их өртөөд байгаа юм л даа.

Соошиал ертөнц тухайн хүний өөрийгөө илэрхийлэх соёлын илэрхийллийг хааж, боосон газарт маш хүчтэй давалгааг үүсгэдэг.

Өөрийгөө илэрхийлэх болоод соёлын үнэт зүйлийг бий болгох хоёр сонирхол давхцаж байж бид аливаа нэгэн технологийн урсгалд урсаад явчихгүй үлдэнэ.

Монгол хүний туурвисан бүтээлийг аль болохоор их гаргах орон зайг нь бэлдэж өгөх ёстой. Тэр орон зайг нь бэлдэж өгсний дараагаар соёлын хувьд төлөвшсөн, нийгмийн хувьд идэвхтэй, хүмүүнлэг иргэншлийн бааз суурийг бий болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах юм.

Соёлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар : 

Соёлын тухай квотыг хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. 

Манайхан хэвлэл мэдээллийн хуучны үзэл суртлын хэрэгсэл болгож ашигладаг гэсэн хуучин ойлголттойгоо байгаа учраас уран бүтээлд мөнгө өгнө гэдэг нь сонгуулийн “пи-ар”-д мөнгө өгч байгаа гэсэн үг гэж ойлгон, биесээ хардаад энэ төсвийг баталж өгдөггүй юм.

Жил болгон улсын төсвөөс 10 тэрбум төгрөг гаргаад байхад тухайн жилдээ нэг ч гэсэн олон ангит хүүхэлдэйн кино гарчихна. Залуучуудад үлгэр дуурайл болсон олон ангит сериал ядахдаа нэгийг хийчихнэ. Түүхэн олон ангит кино нэгийг хийчихнэ. Тэгээд дээр нь ховордсон соёл, биет, биет бус соёлоо баримтжуулсан уран бүтээл, хөгжмийн зохиолыг хадгалж үлдээх боломж бүрдэнэ.

Шинэ хөгжмийн зохиолыг л гэхэд ивээн тэтгэх гэхээр мөнгө алга. Хэнээс ч цалин авахгүйгээр бүтэн жил шинэ симфони бичээд гэртээ суух хөрөнгө, санхүү манай аль ч уран бүтээлчид байхгүй.

Нэг кино театрт сарын 30 хоногт, өдөрт таван удаа кино гаргадаг гэж бодъё. Тэгэхээр нийтдээ 150 удаа кино гаргана. Үүний 40 хувь нь буюу 60 удаа Монгол кино гарсан байх ёстой гэсэн үг. Нэг кино 60 удаа гарсан байна уу, 60 кино нэг удаа гарсан байна уу гэдгээс үл хамаараад сарын дотор гарсан бүх киноны гаралтын 40 хувь нь Монгол кино байх ёстой гэсэн үг.

Монгол контент хөтөлбөрийг сайтар уншвал, технологийн энэ их шуурганаас соёлынхоо дархлааг хамгаалж, авч үлдэх гэсэн хөтөлбөр. Технологи хаагуур орж ирж байна, тэр сувгаар нь соёлоо түгээе гэсэн бодлого оршиж буй.

Угаасаа соёлын дархлааг телевиз, интернэтийн талбарт их алддаг юм байна. Яагаад гэвэл энэ хоёр талбар өөрөө шинэ эрин үетэй хөл нийлүүлж буй талбар. Тиймээс ч энэ талбарт гадаадын контент бэлэн хийчихсэн байдаг, Монголынх болохоор бэлэн биш байна.

Өөрсдийн боломжоо дайчлах юм бол Монгол уран бүтээл хөтөлбөрийг бүхий л талбарт хэрэгжүүлэх боломжтой.

Монгол контентын талаар : 

Монгол контент гэдэгт цаг үеийн мэдээ, реклам орохгүй

Аливаа нэг уран сэтгэмж, уран бүтээмж шингэсэн зүйлийг уран сайхны үндэсний хөтөлбөр гээд байгаа юм.

Олимпын үеэр гэхэд зөвхөн спорт болоод хувирдаг. Тэгэхээр эфирийн цаг спортоо дагнаад явчихвал уран сайхны цаггүй байна гэж үзээд тусад нь ялгаад явчихна.

Нийт 24 цагийн эфиртэй байлаа гэхэд заавал уран сайхны цаг гарга гээгүй шүү. Уран сайхны зүйл гаргаж байгаа бол түүнийхээ 50 хувьд нь монгол контент гарга гэж байгаа юм.

100 хувь спортын суваг, 100 хувь мэдээллийн суваг үүнд хамрагдахгүй. 100 хувь дэлгүүр ажиллуулаад байгаа бол хамрагдахгүй гэж заасан.