Төмөр замын бүтээн байгуулалтад оролцох цэргүүдийг мэргэшүүлэх сургалт эхэллээ
Засгийн газраас баталсан “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэх сургалт өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Налайх дахь МСҮТ-д болсон сургалтын нээлтэд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан мэргэжил эзэмшихээр сурч буй цэргийн алба хаагчид болон багш мэргэжилтнүүдэд хандаж үг хэлсэн юм.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон :
“Монгол цэрэг улс эх орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож ирсэн түүхтэй. “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаагчид улс эх орны хөгжлийн бүтээн байгуулалтад гар бие оролцох, алба хааж байх хугацаандаа иргэний болон цэргийн үүргээ биелүүлэхийн хамт улс оронд шаардлагатай мэргэжлийг давхар эзэмших боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.” гэсэн байна.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан :
“ Монгол Улс хөгжлийн онцгой цаг үедээ явж байна. Энэ үед бидэнд мэргэжлийн боловсролтой залуус улс эх орон, бүс нутгийн хэмжээний бүтээн байгуулалтад чухал хэрэгцээтэй байна. Бид цэргийн албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэхэд шаардлагатай сургалтын, хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах, сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжлийн багш нарыг бэлтгэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Энэ удаагийн сургалтаар “Тавантолгой-Сайншандын чиглэлийн төмөр замыг барихад нэн шаардлагатай хүнд машин механизмын оператор, хүнд машин механизмын засварчин, бетон арматурчин, жолооч, мэргэшсэн жолооч гэсэн таван мэргэжлээр 2601 хүнийг бэлтгэхээр Батлан хамгаалах яамтай тохирсон
. Сургалтыг нэг удаагийнхаар хязгаарлахгүй бөгөөд цаашид үе шаттайгаар сурч боловсрох боломж нээлттэй байх болно.” гэлээ.
“Монголын төмөр зам” ХХК-иас Тавантолгой-Сайншандын чиглэлийн 428 км төмөр замын доод бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай найман мэргэжлээр 3362 хүний захиалга ирүүлсэн байна. Үүнээс техникчийн түвшний 216 мэргэжилтэй ажилтны захиалгыг төгсөгчдөөс шийдвэрлэх, 545 туслах ажилтныг мэргэшүүлэх шаардлагагүй гэж захиалагч тал үзсэн байна. Тиймээс үлдэх 2601 цэргийн алба хаагчийг таван мэргэжлээр сургаж мэргэшүүлэхээр болсны дагуу Налайхын МСҮТ-д Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийн 110, Батлан хамгаалахын их сургуульд 240 албан хаагчийг сургалтад хамруулж эхлээд байгаа ажээ.