Улсын их хурал

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

М.Энхмаа
2016-01-14 04:25

Чуулганы хуралдаанаар ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох нөхцөлийг бүрдүүлэх хоёр хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

Х.Тэмүүжин: Зээлдүүлэгч, зээлдэгч гэдэг 2 иргэн, зээлдүүлэгч, зээлдэгч гэдэг 2 субьект хоёулаа өмчтэй байх эрхтэй. Энэ эрхийг хангах ёстой. Үндсэн хуулийг гуйвуулан тайлбарлах байдлаар энэ зах зээлийг нурааж болохгүй. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш. Иймээс зээлдүүлэгч, зээлдэгч адил эрхтэй байх ёстой. Мэдлэггүй, сайхан сэтгэл хэрэггүй. О.Баасанхүү гишүүнд хэлэхэд, хуулиа сайн уншиж, эдийн засгийн мэдлэгээ тэлэх хэрэгтэй.

Д.Ганхуяг: Орон сууцны зээлийн харилцаа нь урт хугацаанд үргэлжилж байгаа учраас эрх зүйн орчин нь сайн байх шаардлагатай. Ер нь бол ипотекийн зээлийн хүүг 5 хувиас ч доош бууруулах боломжтой. Эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгах нь энэ салбарт их чухал. Энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Эрэлт, нийлүүлэлтийн харьцаа ямар түвшинд байгаа талаар ажлын хэсэг тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Ипотекийн зээл бол хамгийн хямд эх үүсвэрээр орон сууцтай болгодог, хамгийн найдвартай банкны бүтээгдэхүүн. Зах зээлд бүх зүйл үнэтэй. Үнэтэй зүйлийг банк барьцаалж зээл олгодог.

Ц. Нямдорж : 8 хувийн зээлийг мөнгөгүй болгоод зогсоосон чинь үнэн биздээ. Одоо ЗГ-т энэ ипотекийн зээлийг санхүүлэх мөнгө гаргаж өгөх хэрэгтэй. Энэ асуудлыг Монгол банктайгаа ярих гэхээр Золжаргал нь зугтаагаад олдохгүй байгаа гэж байнгын хорооны хурал дээр ярьсан. Ийм л луйвар явагдаж байгаа. Тэрнээс биш энэ асуудлыг эсэргүүцээд байгаа юм ерөөсөө алга.

З.Энхболд: МАН улсын төсвөөс ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гээд иргэдийг орон сууцжуулж эхэлсэн. Ингээд ердөө 500 гаруй хүн байртай болсон. Харин АН улсын төсвөөс биш бондын хөрөнгөөр санхүүжүүлж, эргээд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх байдлаар шийдвэрлэсэн. 2012,2013 оноос ипотекийн зээл зарчмынхаа дагуу явж байгаа. МАН-ынхан улсын төсвөөс татаас өгнө гэж байгаа нь боломжгүй зүйл.

Б.Ганбаатар : Би энэ хуулийг анхнаас нь буруу хууль гэж үзэж байсан. Банкуудын аюулгүй байдлыг хангах гэж яриад байна. Өнөөдөр мөнгөө алдаж байгаа банк хаана ч байхгүй. Банкуудад ямар ч эрсдэл байхгүй байгаа. Цэц рүү яасан их дайрч байна аа. Өнөөдөр УИХ цэцийнхээ дээр гарчихсан байна. Уг нь цэц ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж гарж ирсэн. Үнэндээ цэцийн дүгнэлтэд 8 хувийн зээлтэй холбоотой ямар асуудал байхгүй байсан.

З.Энхболд : 76000 моргейжийн зээлтэй айлаас 40 айл барьцаа хөрөнгөө алдсан. Энэ нь нийт зээлдэгчийн 0,5 хувийг эзэлж байгаа. Барьцаа хөрөнгөө алдсан 0,5 хувийн өмнөөс ярихдаа 99,5 хувийн эрх ашгийг зөрчиж болохгүй. Гишүүд банкууд руу дайрахаа болих хэрэгтэй.Банкуудын 10% нь банкны, 90 хувь нь ААН, байгууллага, иргэдийн хөрөнгө байдаг.

Н.Батбаяр : ҮХЦ энд сууж байгаа зарим нөхдийн захиалгаар 8 хувийн зээлийг зогсоосон. Тэр хүн нь Нямдорж. Цэц аль нэг хүний дохио зангаагаар ажилладаг болоод удаж байна. Ард түмний төлөө хийж байгаа ажлыг ингэж нэг хүний эрх ашгийн төлөө зогсоож болохгүй. Энэ Нямдоржийн төлөө юм уу, МАН-ын төлөө юм уу тайлбар хийгээч. Өмнө нь 6 хувийг 8 болгоход зөрүүг нь төсвөөс олгодог байсан. ЭЗ гэдэг чинь хэн нэг хүний цээжний бангаар явдаг зүйл биш.

Үргэлжлүүлээд хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүдийн дэмжсэн, дэмжээгүй саналыг сонслоо.

Я.Содбаатар : Зөв үр дүнд хүрнэ гээд буруу аргаар хийвэл ЭЗ-ийн алдагдалд орно

8 хувийн зээлийг зогсоох сонирхол аль нэг улс төрийн хүчинд байхгүй. Анх 6 хувьтай шийдэж, дараа нь 8 хувь болоод, өнөөдөр 5 хувь болгох асуудал яригдаж байна. ҮХЦ-д ямар нэг нам нөлөөлж чадахгүй. Нөлөөллөө гэхэд АН л нөлөөлж чадна. Бид өөрчлөлт хийхдээ хуулийн хүрээнд хийх ёстой. Нэг хууль дээр гишгэж нөгөө хуулийг гаргаж болохгүй. Өнөөдөр бүгдээрээ ажлаа л хийе. Хэнийх нь зөв, хэнийх нь бурууг ард түмэн өөрсдөө харж байгаа. Бид зөв үр дүнд хүрнэ гээд буруу аргаар хийвэл ЭЗ-ийн хувьд алдагдалд орно. Иргэдийнхээ асуудлыг шийдэх гэж байгаа гарцыг бол дэмжиж байна. Гэхдээ үүнд МАН ямар ч хамаагүй шүү. Ард түмнээр битгий тоглоод байгаач.

Г. Баярсайхан : Үндсэн хууль Нямдорж гишүүний халаасанд орчихсон байна

Бид нэг өргөмжлөлийг их ярьдаг. Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэж. Гэтэл өнөөдөр үндсэн хууль Нямдорж гишүүний халаасанд орчихсон байна. Монголын ард түмэн нэг хуримтлалтай болъё гэхээр юундаа дургүйцээд байгаа юм та нар. Ингэж битгий АН-ын ажил сонгуульд оноо авлаа гэсэн үүднээс хорлоод байгаач.

Б.Гарамгайбаатар : Манай хоёр нам үзэл бодлын хувьд хол зөрүүтэй

Бидэнд өнөөдөр хэрүүл хийгээд цаг заваа үрээд байх шаардлага алга. Ийм асуудлыг улс төржүүлээд байгаа нь утгагүй юм. 6 хувийн зээл гэж яриад байна. Тэрийгээ тэр үедээ хэрэгжүүлэхгүй яасан юм. Угаасаа манай хоёр нам үзэл бодлын хувьд хол зөрүүтэй. Бид та бүхний эхлүүлсэн ажлыг өөрсдийн үзэл бодолд тулгуурлан хөгжүүлэн үргэлжлүүлж бна. Маргалдах сэдэв биш. Өөрсдийнхөө үзэл бодлоор ажлаа хийх нь тодорхой зүйл. Хэлэлцэж байгаа асуудлыг ҮХЦ-тэй холбон тайлбарлаад улстөржүүлэх шаардлагагүй. Оновчтой шийдвэр гаргахын төлөө ажиллах хэрэгтэй

Д.Хаянхарваа :  Банкны салбараа тэр чигээр татаж унагаах зүйл рүү орохоос болгоомжилж байна

Энэ ипотекийн зээлийн асуудал дээр нилээн маргаан үүслээ. Цэцийн дүгнэлтээс энэ улс төржилт үүссэн. АН-ын генсек мэдэгдэл хийж МАН-ынхныг буруутгасан. Тэгээд манай намыг муухай харагдуулж дараа нь зээлийн хүүг бууруулж оноо авъя гэж бодсон жүжиг чинь ил боллоо. Энэ зээлийн асуудлыг би дэмжиж байгаа. Гэхдээ яаруу сандруу шийдэх асуудал биш. Судалгаа тооцоогоо сайн хийгээд ажил болгох хэрэгтэй. Бид гарч байгаа эх үүсвэрт нь эргэлзээд байгаа юм. Банкны салбараа тэр чигээр татаж унагаах зүйл рүү орохоос болгоомжилж байна. 

Иргэний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжснээр анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.