Улсын их хурал

З.Энхболд : Хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход онцгой ач холбогдол өгч байгаа

М.Энхмаа
2016-01-15 02:59

Эдийн засгийн байнгын хороо, Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголбанк хамтран өнөөдөр “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг зохион байгуулж байна.

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

“УИХ энэ намрын чуулганаар Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль батлагдсанаар урьд өмнө сонгуулийн жилийн хугацаагаар, тухайн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 4 жилийн хэрэгжилтээр улсын хөгжлийн бодлого тодорхойлогддог, бодлого тогтвортой бус байсныг өөрчилж, хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу урт хугацааны тогтвортой үзэл баримтлалд тулгуурлаж улс орныхоо бодлогыг төлөвлөдөг зарчимд шилжиж байна.

Мөн Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. 

Өнөөдөр Монголын эдийн засаг цөөн хэдхэн салбараас хамаарч байна. Энэхүү тэнцвэргүй байдлыг арилган, олон салбарт тулгуурласан, тогтвортой хөгжлөөр замнаx нь бидний эрхэм зорилт юм. Энэ зорилтын хүрээнд, үндэсний компаниудыг санхүүжилтийн эх үүсвэрээ дотоодын зах зээлээс бүрдүүлэх боломж нөхцлөөр хангах, ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэл даах санхүүгийн системийг бий болгоход онцгой ач холбогдол өгч байгаа. ” гэжээ.

Энэхүү форумын зорилго нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх асуудлыг тал бүрээс нь хэлэлцэж тулгамдаж буй асуудал, боломж, гарцыг хамтдаа тодорхойлох юм.

Форумын үдээс өмнөх нэгдсэн хуралдаан “Монгол Улсын урт хугацааны хөгжил ба санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги” сэдвийн хүрээнд болж, хуралдааныг Ц.Баярсайхан даргалан явуулж байна. Харин форумын үдээс хойших нэгдсэн хуралдаан “Хууль ба санхүүгийн зах зээлийн хөгжил” сэдвийн хүрээнд болох бөгөөд хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд даргалах юм. 

Түүнчлэн өнөөдөр үдээс хойш

- Төрийн ордны Их танхимд “Хөрөнгө оруулалтын шинэ орчин-санхүүгийн зах зээл”

- ”Б” танхимд “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж-ядуурлыг бууруулах арга зам”

- “А” танхимд “Банк, даатгалын салбар-хөрөнгийн зах зээл дах бизнесийн шинэ модель”

- “Г” танхимд “Компанийн засаглал, аудит, тайлагнал”

сэдэвт салбар хуралдаанууд болох юм байна.