Улсын их хурал

С.Эрдэнэ : Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй бүх айлын хүүхэд хүүхдийн мөнгө авна

М.Энхмаа
2016-01-15 04:25

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохоор өөрчлөх тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Д.Бямбацогт гишүүн, "Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг гайхаж байна. Яагаад ингээд хүүхдийн мөнгөөр ард иргэдийн сэтгэл санаагаар тоглоод байгаа юмбэ. Хүүхдийн мөнгө хасах асуудлыг МАН угаасаа дэмжихгүй байсан. Өмнө нь хэд хэдэн удаа хүүхдийн мөнгө хасах асуудал яригдаж байхад бид дэмжээгүй. Яагаад хасах болоод яагаад буцааж олгох гээд байгаагаа тайлбарлаад өгөөч. Төсвөө тодотгохгүй бол хүүхдийн мөнгө өгөх ёстой хугацаандаа бүтэн олгогдохгүй." гэлээ.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ :

“ Хүүхдийн мөнгөний асуудлаар олон түмний сэтгэл санаагаар тоглолоо. Үүн дээр АН хариуцлага хүлээх ёстой гэж байна. Би үүн дээр өөр бодолтой байна. 2012 онд хүүхдийн мөнгийг бүрмөсөн зогсоосон байсныг бид олгож эхэлсэн. Тэр үед эрх барьж байсан нам ч гэсэн хариуцлага хүлээх шаардлага гарах байх.

Бид өнөөдөр өрх иргэний мэдээллийн нэгдсэн санг боловсруулж, судалгаа тооцоо хийгээд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн бүх өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгийг олгох нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Үлдэж байгаа хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэх эрхийг УИХ 103-р тогтоолоор нээж өгсөн. Үлдэж байгаа 4 сарын хугацаанд хүүхдэд олгох мөнгөний хэмжээг тооцоолоод тун удахгүй өргөн барина. Одоо төсөвлөгдсөн 144 тэрбум төгрөгөөр 8 сарыг дуустал хүүхдийн мөнгө олгож боломжтой. “ гэсэн юм.