Онцлох эшлэл : 2015 онд эрчим хүчний салбарт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв ?
Чуулганы үдээс хойших хуралдаанаар 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ түүний үр дүнгийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг : Өнгөрсөн онд ЗГ эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Найдвартай, чанартай, хямд үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг хангахын тулд ЗГ-аас 6 чиглэлээр арга хэмжээ авч ажилласан.
1.Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар
Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор 3 хуулийг баталлаа.
2015 оныг үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах жил болгон ажилласны үр дүнд Төвийн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем алдагдалгүй ажиллаж, хуримтлагдсан өр, авлагыг буурууллаа.
“Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэн 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Одоогийн байдлаар шөнийн цагийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 120,000 орчим айл өрх хамрагдаж, 2015 оны 12-р сард шөнийн цагт хэрэглэсэн 17.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүчинд 1.4 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.
2.Эрчим хүчний салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох “Багануурын цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5”, “Баруун бүсийн дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн дулааны цахилгаан станц”, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”, “Тавантолгойн дулааны цахилгаан станц” төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.
Засгийн газар “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 мб-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар-Мандалговийн 330 киловольтын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр,дулааны шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна.
ОХУ болон БНХАУ-аас өндөр үнэтэй худалдан авдаг эрчим хүчний импортын хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэгч нараа дэмжиж ажилласны үр дүнд эрчим хүчний импортыг 120.0 гаруй сая киловатт цагаар буюу 18.0 тэрбум төгрөгөөр бууруулсан.
Амгалан дулааны станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн хэсгийн 20 мянган хэрэглэгчийн дулаан хангамж сайжирч, шинээр 40 мянган хэрэглэгчдийг дулаанаар хангах боломтой боллоо.
Эрчим хүчний салбарын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтээр 2015 онд нийт 66 төсөл, арга хэмжээний барилга угсралтын ажлыг хийж, улсын комиссоор хүлээн авсан.
3. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар
Эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд нийт 1,436.7 киловатт цаг цахилгаан эрчим хүч импортоор худалдан авсны 78 хувийг БНХАУ-аас, 22 хувийг ОХУ-аас тус тус импортлосон байна.
2015 оны Төвийн эрчим хүчний системд дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн гүйцэтгэл 101.4 хувь байна
.
2015 оны 3 дугаар улирлын байдлаар үйлдвэрлэлтийн дотоод хэрэгцээ 0.6 нэгжээр, дамжуулалтын алдагдал 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдал 0.5 нэгжээр тус тус буурсан эерэг үр дүн гарсан.
4. Эрчим хүчний салбарын үнэ тарифын зохицуулалтын талаар
Эрчим хүчний үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн 10 жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллалаа
.
Аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлж, 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хэрэглэгчийн бодит чадлыг 9000 төг/кВт/сар-аар тооцохоор тогтоож байна.
Чадлын тарифыг тооцож эхэлснээр эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 20.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
Сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингээсэн зохицуулалтыг хэрэгжүүлсэн буюу хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифыг шинээр тогтоож мөрдүүллээ.
Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба мөн дүнгээр нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулсан.
5. Эрчим хүчний салбарын хувьчлалын талаар
2015-2016 онд хувьчлах жагсаалтын дагуу Засгийн газар дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжихаар төлөвлөсөн.
Багануур, Шивээ-Овоогийн уурхайн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
6. Эрчим хүчний салбарын гадаад хамтын ажиллагааны талаар
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр “Шивээ-Овоо”-ийн 4800 МВт /Мегаватт/-ын цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хүчин чадлыг нь нэмэгдүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх санамж бичигт гарын үсэг зурсан.
БНХАУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн 85 хувийг эрчим хүчний салбарт зарцуулахаар шийдвэрлээд байна.
Дэлхийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдаж, олон улсын байгууллагаас манай улсад хэрэгжүүлэх төсөлд 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсон.