Улсын их хурал

УИХ-ын чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

М.Энхмаа
2016-01-15 10:18

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналууд дэмжигдсэн тул хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй байсан юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд, "Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөсөн ч үдээс өмнөх хуралдаан оройтож эхэлснээс болж ганцхан асуудал хэлэлцлээ. Иймээс ирэх долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдааныг нэмж хуралдуулан өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй бүх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэе" гэсэн санал гаргаснаар чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.