Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дараагийн тэргүүнийг өнөөдөр сонгоно
Өнөөдөр Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны IV дээд чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны 98000 гаруй гишүүдийг төлөөлж Монгол улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 800 төлөөлөгч оролцож байгаа ажээ.
Уг чуулганаар АЭХ-ны одоогийн тэргүүн Ц.Оюунгэрэл өнгөрсөн хугацаанд хийгдсэн холбооны ажлыг тайлагнан дүгнэж, дараагийн сонгогдсон тэргүүнд ажлаа хүлээлгэн өгөх юм байна. Холбооны тэргүүнд өрсөлдөхөөр Л.Нармандах, З.Нарантуяа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, Г.Байгальмаа, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Д.Оюунцэцэг, Д.Цэрэнчимэг нарын 11 хүн нэр дэвшсэнээс З.Нарантуяа нэрээ татаж авсан байна. Нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны эрхэм зорилго нь Монгол орны эрх ашиг, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэсэн, баялагийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх ардчилсан намын бодлогыг дэмжих, улс төр, засаглал, нийгмийн хөгжилд эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх явдал бөгөөд тус 10 нэр дэвшигч эрхэм зорилготой уялдсан өөр өөрийн мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын жагсаалттай оролцож байгаа ажээ.