АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс намын үндсэн дүрэмд тусгуулах санал хүргүүлжээ
Өнөөдөр 17:00 цагаас АН-ын ҮЗХ хуралдаж намынхаа Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
. Үүнтэй холбоотойгоор АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөнөөс намын удирдлагууд болоод ҮЗХ-ны гишүүдэд Намын Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах санал, шаардлага хүргүүлжээ.
АН-ын Шинэчлэлийн Хөдөлгөөнөөс гаргасан шаардлагад :
“ Нийгмийг манлайлагч үндэсний хэмжээний нам болох АН-ын хувьд энэ удаагийн сонгууль стратегийн гэж тодорхойлж болохуйц чухал ач холбогдолтой. Тийм ч учраас хийж бүтээснээ үргэлжлүүлэн, улсын хөгжил, иргэдийн амьжиргааг мэдэгдэхүйцээр дээшлүүлж чадна хэмээн хүлээж буй гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй байх ёстой.
Товчоор хэлбэл, АН эв түнжингүй байдлаа даруй цэгцэлж, сонгогчдын дэмжлэгийг дахин хүлээж чадахуйц хэмжээний шинэчлэл хийх хэрэгтэй
байна. Тиймээс намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх энэ удаагийн хурлаар АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс дэвшүүлж буй саналуудыг хэлэлцэн шийдвэрлүүлж өгөхийг АН-ын дарга З.Энхболд болон ҮЗХ-ны нийт гишүүдээс шаардаж байна.
Бид болохгүй бүтэхгүй бүхнээ хэн нэг хүн, эсвэл бүлэг фракци руу чихэж хэдий болтол толхилцох вэ? Хүрэх газартаа эсэн мэнд, саадгүй хүрэхэд жолооч сайн байх шаардлагатай нь мэдээж. Гэвч хичнээн сайн жолооч байгаад мотор нь доголдсон, дугуй нь хагархай машинтай бол жолоочоо зуу дахин сольсон ч хэдий хол явах
! Бүгд буугаад тосоо сольж, дугуйгаа нөхөөд, салхины шилээ гялалзтал арччихвал хичнээн урамтай урагшлах! " гэсэн байна.
АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөнөөс намын Үндсэн дүрэмд тусгуулахаар ямар саналууд гаргасан бэ ?
Дэвшүүлж буй саналуудаа намын Үндсэн дүрмийн харъяалагдах хэсгүүдэд орлуулах буюу нэмж тусгахаар бэлтгэн хүргүүлсэн байна.
Санхүүжилтийн хороо хэсэгт
- Бүх шатны намын болон төрийн сонгуульд нэр дэвшихэд мөнгөн босго тавихыг хориглоно.
Нийслэлийн намын Зөвлөлдөх хороо хэсэгт
- Дүүргийн намын хорооны дарга Нийслэлийн намын зөвлөлдөх хорооны гишүүнээр шууд сонгогдоно.
Дунд шатны намын байгууллага хэсэгт
- Анхан шатны намын байгууллагын дарга нар аймаг, дүүргийн намын хорооны гишүүнээр шууд сонгогдоно.
Анхан шатны намын байгууллага хэсэгт
- Намын гишүүн зөвхөн нэг анхан шатны намын байгууллагад харьяалагдах бөгөөд нам нийт гишүүдээ нэгдсэн бүртгэлийн системд бүртгэнэ.
Намын доторх эрх мэдлийн хуваарилалт бүлэгт
- Сонгуульд ялагдсан бүх шатны намын хороо, зөвлөл, удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорох бөгөөд дараагийн бүрэлдэхүүнд нэр дэвших эрхтэй байна.
- Намын гишүүн зөвхөн дараалсан хоёр шатны намын хороо, зөвлөлийн сонгуульт албан тушаалыг давхардуулан хашихыг зөвшөөрнө. Тухайн шатны сонгуульт гишүүн тухайн шатныхаа төрийн сонгуульд өрсөлдөнө.
Үндэсний зөвлөлдөх хороо хэсэгт
- ҮЗХ-ны гишүүдийн суудлын тоог хүн амын тоо, УИХ-ын гишүүний мандатын тоо, нутаг дэвсгэрийн нэгжийг харгалзан 8 жил тутамд их хурлаар шинэчлэн тогтооно. Батлагдсан суудлын тооны 30-аас доошгүй хувь нь эмэгтэй гишүүдэд ногдоно.
- ҮЗХ-ны ротацийг 4 жил тутам буюу намын ээлжит их хурлаар хийх бөгөөд одоогийн гишүүн хариуцлага тооцогдсоноос бусад тохиолдолд дахин нэр дэвших эрхтэйгээр зохион байгуулна.
- Намын дэргэдэх байгууллагууд (АЗХ, АЭХ, ААХ) -ыг УИХ-ын тойрог бүрээс нэг байхаар тооцож, ҮЗХ-нд сонгоно.
- Аймаг, Нийслэл, Дүүргийн намын хорооны дарга нарыг ҮЗХ-ны гишүүнээр шууд сонгоно.
Бодлогын зөвлөл хэсэгт
- Бодлогын зөвлөлийн дэргэд улс төрийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж, бодлогын бүлгэмүүдээс гарсан зөвлөмжүүдээр бодлогын судалгаа хийж, намын гишүүдийг системтэйгээр төрийн албанд бэлтгэнэ.
Намын удирдлага бүлэгт
- Намын даргыг шударга өрсөлдөөний зарчмаар улс орон даяар намын нийт гишүүдийн саналаар сонгох бөгөөд сонгуулийн үр дүнгээр сонгогдсон даргыг намын их хурлаар батламжилна. Намын дарга нэг удаа улиран сонгуульд нэр дэвших эрхтэй.
- Намын даргыг дараах үндэслэлээр ҮЗХ-ны хурлаар чөлөөлж, намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилж, 3 сарын дотор намын даргын сонгуулийг орон даяар зохион байгуулж, намын ээлжит бус их хурлыг зарлан хуралдуулах шийдвэрийг гаргана.