#MADEINMONGOLIA: Хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэн Япон улс руу экспортолж байна
Монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материалыг "Эко-Ноос" ХХК үйлдвэрлэн Япон улс руу экспортолж эхэлжээ. Тус компанийн 'Хаан ноос' дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа
юм байна. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн учир чийгтэхгүй, дулааныг удаан хадгалдаг давуу талтай. Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй
зэрэг давуу талтай юм байна. Хонины ноосоор үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг Япончууд судлан тогтоосон байна.
Дашрамд дурдахад, "Эко-Ноос" ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.