Нийгэм

Б.Бундхорол иргэдийг гарын үсэг зурахыг уриаллаа

Bolor Rose
2016-01-21 02:17

100,000 хүний гарын үсэг цуглуулж байгаа Б.Бундхорол иргэдийг гарын үсэг зурахыг уриалан өөрийн фэйсбүүк хуудаснаа ингэж бичжээ. 

Намайг Б.Бундхорол гэдэг. Миний бие санаачлан 100,000 хүний гарын үсэг цуглуулж байна. Гарын үсэг цуглуулах болсон шалтгаан нь иргэд бид, бидний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг сонгочихоод л орхидог, сонгосон гишүүд маань ажлаа хангалтгүй хийсэн байсан ч хариуцлага тооцдоггүйн улмаас өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж байна гэж үзэж байна. 

Тиймээс иргэд бид өөрсдөө сонгосон гишүүддээ хариуцлага тооцдог болох хэрэгтэй гэж үзсэний улмаас энэхүү ажлыг эхлүүлж байгаа юм.

Тус ажлын хүрээнд та миний бэлдсэн маягтын дагуу УИХ-ын гишүүдээс ажлаа хангалтгүй хийж байгаа, хариуцлага тооцох шаардлагатай, төрд ахин ойртуулах ёсгүй гэж үзэж буй 5 хүртэлх гишүүдийн нэрийг бичээд гарын үсгээ зурахад болно.
Ийм маягаар бид 100,000 хүний гарын үсгийг цуглуулж, хамгийн их нэр нь дурдагдсан УИХ-ын гишүүдийг тодруулан, тэдгээр хүмүүсийг дахин УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг харъяалагдах нам, эвсэлд нь хүргүүлнэ. Мөн тэр хамгийн олон санал авсан гишүүдийг намын жагсаалтаар болон тойрогт нэр дэвшүүлэхгүй байх талаар боломжит бүх л тэмцэлийн хэлбэрийг сонгож, хэрэгжүүлнэ. 

Миний бие аль нэгэн нам, эвсэл, улс төрийн хүчнээс ангид бөгөөд аливаа сонгуульд оролцохгүй. Энэхүү ажлыг дан ганц иргэнийхээ хувиар, өөрийн хүсэл зоригийн хүрээнд хийж байна.
Та бүхэн энэхүү өчүүхэн ажлыг дэмжиж үзэл бодлоо илэрхийлж, гарын үсгээ зурна гэдэгт итгэж байна. Энэхүү ажлыг дэмжсэнээр манай нийгэм, цаашлаад бидний улс, эх орон маань сайхан болоход бага ч атугай нэмэр болно гэдэгт итгэл дүүрэн байна.

Дуугүй суулт хийж байхад их амар байжээ. Өглөө ирлээ. Өөртэйгөө ярьлаа. Орой харьлаа. Хүн ирсэн ч хүсэхгүй бол ярихгүй. Даарахаас бусдаар сууж л байна.

Харин энэ гарын үсэг цуглуулна гэдэг чинь их чанга ажил юм. Хүссэн хүн ирээд доромжилж болдог. Учир шалтгааныг ойлгохыг хүсэхгүй өөрсдийнхөөрөө дайрах, ганц гарын үсэг зураагүй байж номлол айлдах, үхээрэй сэхээрэй гэж хараах... Үнэн худал гүжирдэх. Хардаж болно. Хардах эрх танд бий. Тэгэхдээ миний эрхэнд битгий их халд л даа. Би нулимуулах гэж, доромжлуулах гэж, төрд гаргасан уурыг чинь гаргадаг хэрэгсэл болох гэж тэнд зогссонгүй. Хэдийгээр тэнд тийм ажил хийхийг хэн ч надаас шаардаагүй ч ядаж ар гэрээ зөнд нь орхин, алд бие дааруулан зогсож буйг минь бодоод, бол байна гарын үсгээ зураад болохгүй бол мөрөө хөөвөл дээрсэн. Хэн хэндээ хал балгүй амарсан.

Гарын үсэг цуглуулахыг их амархан ажил гэж бодож, ярьж буй хүнтэй таарлаа. Юу байхав дээ гэх юм. Бараг л үдийн будаа, үдшийн пиво ухааны юм ярих юм.Би энийг уншиж буй бүх хүнээс гуйя. Та нэг зуухан хүний гарын үсэг цуглуулаад үзээрэй. Надад авч ирж өгөөрэй. Тэгвэл дээр бичсэн зүйлийн минь хэсгээс ч болох нь ойлгоно.

Хүн цаг дээрээ тулахаар таван хүний гарын үсэг цуглуулах гэж ямар хугацаа, хүч хөдөлмөр ордогийг мэддэггүй юм" гэжээ. 

Хэрвээ та Б.Бунхоролд гарын үсэг цуглуулахад нь туслахыг хүсвэл  https://www.dropbox.com/s/thq2zk1nlvop57b/100000-sanaliin-huudas.pdf?dl=0  хуудсаар саналыг хуудсыг авч бөглүүлэн туслах боломжтой юм байна.