Онцлох эшлэл : Л.Болд гишүүн намынхаа ҮЗХ-ны гишүүдэд захидал хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Л.Болд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдэд захидал хүргүүлжээ. Түүний захидлаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Өнөөдөр бид хэн нэгнийг ямар нэг дарга сайд байлгах, эсвэл болиулах гэдгээс чухал асуултад хариулт өгөх шаардлагатай
байна. Энэ бол Ардчилсан намаа ард түмний итгэл найдварыг тээсэн ардчилсан улс төрийн хүчин хэвээр нь авч үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал юм.
1998-2000 онд бид хоёр жилийн дотор гурван Засгийн газар сольсон, улс төрийн эх захгүй бужигнаан дунд ардчиллын алтан хараацай, журмын нөхөр маань хэрцгийгээр хөнөөгдсөн, дараа нь гурван гишүүнээ шоронд хийсэн. Эцэст нь намынхаа ялалтыг 12 жил алдсан.
Өнөөдөр бид 2000 оны хавартай яг адил нөхцөл байдалд ирээд байна.
Тэр үед манай намыг хагаралдуулсаар үнэмлэхүй ялалтад хүрч дарангуйллын тогтолцоо бүрдүүлж байсан улс төрийн хүчин өнөөдөр дахин улс орны хувь заяаг шийддэг болсныг бид нүдээр харж байна.
2012, 2013 оны сонгуулиар ард түмэн ийм байдал, үйл явдлын ийм өрнөлийг сонгоогүй юм. Ард түмэн илүү тайван, тогтвортой байдлыг хүссэн учраас АН олонх болсон билээ.
Манай нам бол хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээрээ ямагт шинэчлэлийн түүчээлэгч байж чаддаг, улс орныхоо хөгжилд чухал үүрэгтэй улс төрийн хүчин билээ. Бидний бодлого, хөтөлбөр зөв байдаг. Үүнийг өрсөлдөгчид маань ч хүлээн зөвшөөрдөг. Ард түмэн ч түүний төлөө саналаа өгсөөр ирсэн юм.
Ардчилсан нам хийсэн ажил, бүтээсэн үйлсээрээ хэний ч өмнө улайж ичихээргүй байдгаас сонгогчид бидэнд итгэлээ өгдөг юм.
Өөр хоорондын санал зөрөлдөөнөө ужигруулан улмаар хэн нэгэн олиггүйд ашиглуулах шалтаг болдогт нь харин сонгогчид бидэнд дургүй байдаг.
Бид арсалдан тэмцэлдэж нэгнээ барах тусам сонгогчдоос бидэнд өгсөн итгэлийн зээл төлөгдөхгүй
, улам бүр зузаарсаар итгэлийн өр, улмаар итгэлийн дампуурал бий болдгийг бидний өнгөрсөн түүх хэлдэг.
Шаардлагатай бол эх орныхоо эрх ашгийг дээдлэн аливаа бусдыг зольж чаддаг чанар манай намд анхнаасаа байсан, одоо ч байгаа.
Хувь хүн, явцуу бүлгийн сонирхлын зөрчлүүд нь бидний энэ агуу чанарыг бүдгэрүүлэн мартагнуулж, биднийг олон түмэнд муухай харагдуулж байна. Бид өөрсдийн жинхэнэ мөн чанар, хэрэгцээт байдлаа булт олондоо харуулж итгэлээр хүлээсэн өрөө дарж зээлээ төлөх учиртай бус уу!
Фракци, бүлэглэлүүдийн сандал, ширээний төлөөх тэмцлийн үр дүнд намын удирдах бүх түвшний байгууллага, бүтцүүд маань сульдан саажиж байна.
АН эрүүл, чөлөөтэй маргаан мэтгэлцээн өрнүүлэн оновчтой шийдвэр гаргадаг газар биш хайрцаглагдсан сүрэг болсноор Ардчилсан нам өөрөө ардчилсан бус шинжтэй болж байна
.
АН нойрноосоо сэрэхийн тулд сураг алдарсан намын Их хурлаа хуралдуулах тухай шийдвэрийг энэ ҮЗХ нэн даруй гаргаж хэрэгжүүлэх саналыг би дэвшүүлж байна.
Намын Их хуралдаа бүх сум, хорооноос жинхэнэ ард түмний төлөөлөл, Ардчилсан намын эгэл жирийн гишүүдээ ирүүлж хуралдсанаар бид суурь зарчим дээрээ эргэн нэгдэж жанжин шугамаа тодорхой болгож чадна.
АН эх орон, ард түмнийхээ язгуур ашиг сонирхлын төлөөх үндэсний хэмжээний улс төрийн хүчин хэвээр байж намын Их хурлаа нэн даруй хуралдуулан суурь үнэт зүйлс, зарчмаа сэргээн тогтоох шаардлагатай
байна.
-
59.153.113.*
Зочин
2016-03-04 10:19
ЗӨВ ШҮҮ0 0 Хариулах