Онцлох эшлэл: Ерөнхийлөгч засгийн газрыг огцруулах асуудалд юу гэж хэлэв ?
УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн бариад байгаа билээ. Уг асуудалд"Давос"-ын эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ.
Ирэх зургадугаар сард болох сонгуультай л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм л даа. Хүмүүсийг дутуу үнэлж байна аа. Монголын ард түмэн бол улс төрийн шилжилт, доргилт дундуур 25 жил явчихсан улсууд. Маш хэрсүү болсон. Тийм учраас энэ асуудлыг тавьж байгаа улс төрчид, хүмүүс дахин бодох л хэрэгтэй.
Нөгөө талаас, засгаараа оролдож байгаа энэ байдал нь өөрсдөд нь ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож байгаа байх. Энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Энэ ямар ч оноо авчрахгүй аль нэгэн улс төрийн хүчин дээр. Харин хасах авчирна.
“Өмнө нь хэн ч байсан хамаагүй огцруулчихъя. Дараагийнхыг нь дараа нь ярья. Бид бол Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход саад хийхгүй шүү дээ” гээд суудаг байдал бол улс оронд ямар ч сайн зүйл авчрахгүй.
Өнөөгийн энэ хүнд байгаа нь улстөржилтийн л үр дүн, улстөржилтийн л бүтээл.
Нэг үгээр хэлбэл, популистуудын бүтээл шүү дээ. Өөрсдөө буруу гэрээ ч гэдэг юм уу, 34 хувь, янз бүрийн төрийн өмчийн оролцоо гэж хашхирч, хашгирчихаад, түүнийг бий болгочхоод, тэгээд тэр нь эргээд өр боллоо, тийм юм боллоо гээд байгаа популистуудын л бүтээл.
Өнөөдөр хүмүүс цалингаа авч чадахгүй боллоо, амьдрал нь хэцүү байгаа, мөнгө төгрөг нь хүрэлцэж ядаж байгаа энэ бүх байдал бол өнөөдрийн утгагүй улстөржилтийн үр дагавар юм. Үүнд бид цэг тавих хэрэгтэй.
Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой.
Ялангуяа энэ бүтээлч чиглэл рүү нь би хувьдаа хууль санаачилж, УИХ-д өргөн барья гэсэн бодолтой байна. Одоо бид сургамж авах цаг болсон. Цэг тавих цаг болсон.
Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй
.