Нийгэм

Б. Бундхорол шүүхэд өргөдөл гаргалаа

Bolor Rose
2016-01-22 03:58

100,000 хүний гарын үсэг цуглуулан суулт хийж байгаа Б.Бундхорол нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргах болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Учир нь тэрээр тайван жагсаал хийж байгаа хугацаагаа сунгахыг хүссэн ч Сүхбаатар дүүргээс зөвшөөрөл олгоогүй байна. Ингээд түүний шүүхэд гаргасан өргөдлийг дор хүргэж байна. 


 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргах нь: 

Шарнууд овогт Батжаргалын Бундхорол миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйлд: Монгол улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй гэснийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсанд 2016 оны 01 дүгээр 15-ны өдрөөс 2 дугаар сарын 30-ны өдрийг дуустал тайван цуглаан хийхийг бүртгүүлэхээр хүсэлт гаргасан билээ.

Гэвч Сүхбаатар дүүргийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/96 тоот албан бичгээр 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл бүртгэж авлаа гэсэн хариу ирсэн. Улмаар миний бие мөн сарын 18-ны өдөр цуглаанаа сунгуулж бүргүүлэхээр хүсэлтээ өгсөн бөгөөд СБД-ийн засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 1/163 тоот албан бичгээр Төрийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн айлчлал хийгдэх тул айлчлалын хүрээнд бэлтгэл ажил, аюулгүй байдлыг хангах үүднээс бүртгэж авах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

1. Миний бие Монгол улсын иргэнийхээ үүднээс өөрт хуулиар олгогдсон эрхийн дагуу хуулийн хүрээнд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ.

2. Дүүргийн засаг даргад бүртгэж авах эсэх тухай хуулиар олгодсон эрх байгаа болохоос хүсэлтийг дур мэдэн хугацааг өөрчлөн заах эрх мэдэл хуулиар олгогдоогүй гэж бодож байна.

3. Монгол Улсын Үндсэн хууль, Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль болон бусад хуульд Төрийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгч ирэхэд Монгол улсын иргэн тайван жагсаал цуглаан хийхийг хориглосон заалт байхгүй гэж миний бие үзэж байна.

4. Мөн миний бие Сүхбаатарын талбайн төрийн тусгай хамгаалалттай гортигт бүхий газар цуглаанаа зохион байгуулаагүй юм. Тиймээс өндөр дээд хэмжээний зочныг хүлээн авах үйл ажиллагаанд ямар нэгэн хэмжээгээр саад учруулахгүй гэж үзэж байна.

5. Миний бие 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл цуглаан хийхийг хүссэн атал нэг өдөр болох айлчлалын ёслолоос болж миний бүх өдрийн эрхийг хааж буй нь захиргааны хууль бус шийдвэр гэж үзэж байна. Тиймээс би бээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж, хууль бус шийдвэр гаргасан Сүхбаатар дүүргийн засаг даргад хуулийн дагуу зохих хариуцлага оногдуулж өгөхийг үүгээр хүсэж байна.

Эл дашрамд дурдахад миний бие 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн засаг дарга Д.Бадарсанд нэг сарын хугацаатай дуугүй суулт хийх хүсэлт анхлан гаргасан билээ.

Гэвч Сүхбаатар дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/3416 тоот албан бичгээр тус дуугүй суултыг бүртгэж авах болмжгүй гэсэн хариу ирүүлсэн бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/3436 тоот албан бичгээр тус дуугүй суултыг 7 хоногийн хугацаатай бүртгэж авсан тухайгаа мэдэгдсэн байдаг. Энэ нь төрийн захиргааны байгууллагын шийдвэр хуулийн дагуу бус тухайн даргын үзэмжээр 3 хоногийн дотор өөрчлөгдөн гардагийг илтгэж байгаа юм. Мөн дахин 3 дахаа хүсэлт гаргаж байж тус дүүргийн засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 1/3522 тоо бүхий албан бичгээр 30-ны өдрийг дуустал дуугүй суулт хийх бүртгэл хийлгэсэн юм. Энэ хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын төрийн өндөр дээд хэмжээний айлчлал болсон ч, дуугүй суулт үргэлжилсээр байсан. Эндээс харахад өмнө нь төрийн дээд хэмжээний айлчлал хийж байхад хориглоогүй байж өнөө хориглож байгаа нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй билээ.

Тиймээс та бүхэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Өргөдөл гаргасан Б.БУНДХОРОЛ