Улсын их хурал

Онцлох эшлэл : Р.Жигжид сайд шатахууны үнэ, хангамжийн талаар мэдээлэл хийлээ

М.Энхмаа
2016-01-22 08:48

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Уул уурхайн сайд Р.Жигжид шатахууны үнэ, хангамжийн талаар мэдээлэл хийлээ.Түүний мэдээллээс онцлох эшлэлийг хүргэж байна. 


Монгол улсын шатахууны импортоос хараат байдал нь эдийн засгийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж, инфляцийг хөөрөгдөх нэгэн суурь хүчин зүйл болсоор ирсэн.

Шатахууны үнэд хилийн үнийн өсөлт, импортын татвар, төгрөгийн ам.доллартай харьцах ханш зэрэг зүйлс нөлөөлдөг.

Бид нефть бүтээгдэхүүний хувьд нэг улсын нэгэн компаниас хэт хараат байсны уршгаар шатахууны хилийн үнэ бүс нутгийн зах зээлийн үнээс тонн тутамдаа даруй 300-400  ам.доллараар өндөр байсан. 

Засгийн газраас 2008-2012 онуудад шатахууны импортын татваруудыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн

Хилийн үнэ, валютын ханшийн огцом өсөлтөөс шалтгаалан 2012 оны 1 дүгээр сард шатахууны үнэ литр тутамдаа 220-280 төгрөгөөр нэмэгдэж байлаа. 

УУЯ Монгол банктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны 10-р сараас хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгон зарим татваруудаас чөлөөлж, ханшийн эрсдэлийг бууруулах зэрэг арга хэмжээ авч, үнийг тогтворжуулан, шатахууны нөөцийг 3.6 дахин нэмэгдүүлж 100 гаруй мянган тоннд хүргэсэн.

БНХАУ-ын “Чайна Ойл” компанитай гэрээ байгуулан 2013 оны 4-р сараас эхлэн сард 4-10 мянга хүртэл тонн бүтээгдэхүүн худалдан авахын зэрэгцээ Япон, Солонгос, Сингапур, Белорусь, Латви зэрэг улсаас БНХАУ-ын нутгаар дамжуулан шатахуун импортолдог боллоо.

2013 оны 5-р сараас эхлэн ОХУ-ын “Роснефть”, БНХАУ-ын “Чайна Ойл” компаниудтай шатахууны худалдаа хийхдээ түүхий газрын тосны дэлхийн зах зээлтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр төлбөр тооцоог хийдэг болсон.  

Шатахууны хангалт болон жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, улмаар үнийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлсэн

2015 оны улсын төсвийн тухай хуулиар улсын төсөвт шатахууны гааль, онцгой албан татвараас 226 тэрбум төгрөг төвлөрүүлэх болсонтой холбогдуулан алслагдсан бүс нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын тогтоолоор тонн тутамд 252,000-265,000 төгрөг байхаар тогтоосон.

Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татварыг 5 хувь болгож нэмэгдүүлсэн.

Засгийн газрын 2015 онд шатахууны онцгой албан татварыг тонн тутамд Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар автобензинд 400,000 төгрөг, дизель түлшинд 520,000 төгрөг, Эрээнцав боомтоор автобензинд 270,000 төгрөг, дизель түлшинд 290,000 төгрөгт тус тус хүргэж нэмэгдүүлсэн.

Шатахууны Онцгой Албан Татварыг ийнхүү нэмэгдүүлснээр улсын төсөвт 50 орчим тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд 2015 оны гүйцэтгэлээр нийт 270 тэрбум төгрөг төвлөрчээ.

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны импортлогч компаниудад олгож байсан зээлийн хөнгөлөлтийг өнгөрсөн оны 1-р сарын 1-нээс эхлэн зогсоож зээлийн хүүг 16-18 хувь болгож өсгөсөн.

2015 оны 12 дугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг Баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулснаар баруун болон зүүн хязгаар нутгийн үнэ төвийн бүсийн үнийн төвшинд ирээд байна.

Цаашид алслагдсан сумдын шатахууны жижиглэн худалдааны үнэ харьцангуй өндөр хэвээр байгаад судалгаа хийж үнийг төвийн бүсийн үнийн төвшинд хүргэх бодлогын шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

2016.01.22-ны байдлаар Улаанбаатар хотын зарим ШТС-уудад автобензин төрөл тутамдаа 100 төгрөгөөр буурч байгааг дуулгахад таатай байна.