Х.Тэмүүжин: Алтан алх бариулсан ч тэр алхаар “алуур” хийх хүн гарна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин NTV телевизийн “Чухал яриа” нэвтрүүлэгт оролцжээ. Ярилцлагыг товчлон хүргэж байна.
-Эрүүгийн хуулийн философи бүхэлдээ өөрчлөгдсөн. Эрүүгийн хуулийг өөрчлөхөд та багагүй хувь нэмэр орууллаа. Эхний тавьсан зорилгодоо хүрч чадсан уу?
-Эрүүгийн эрх зүйн шинэтгэл гэдэг том дүр зургаа харвал бид томоохон алхам хийж чадлаа. Бүр 1996 оноос хойш маш их хэмжээний судалгаануудыг хийж, 1996-2000 онд хуулийн төслүүдийнхээ харьцуулсан боловсруулалтыг хийсэн байдаг юм. Харамсалтай нь тэр үед улс төрийн байдал тогтворгүй байсан учраас хууль зүйн шинэтгэл хийгдээгүй. 2000 оны сонгуулийн дараа тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж өмнө боловсруулагдсан хуулиудыг батлуулахаар ажилласан. Зорилгоо бол хол тавьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, хуулийн байгууллагуудын хэт их амбиц, цаг нь арай болоогүй байна гэсэн алгуурлалаас болоод арав алхах ёстой байсан шинэчлэлийн 2-3 алхам л явсан байдаг. Одоо 13 жилийн дараа эрүүгийн эрх зүйг шинэчлэх эхний алхам хийгдлээ. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг баталлаа. Одоо энэ хуулиудыг яаж үр ашигтай сайн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Мэдээж засан сайжруулах зүйл, жижиг сажиг алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ концепцийн хувьд Эрүүгийн хууль үнэхээр том, зөв алхсан. Зөрчлийн хууль дээр ганц л жишээ хэлье. Өмнө нь Монгол Улсын 230 хуулийн ард хариуцлагыг янз бүрээр бичдэг байсан. Захиргааны хариуцлагын хуулиас гадна шүү дээ. Үндсэндээ хуулийн байгууллага, иргэнд хариуцлага оноох гэж байгаа албан тушаалтны халаасанд 230 өөр хууль явдаг, нэг хуулийг нь гаргаж ирээд “чамайг тэгнэ шүү”, болохгүй бол нөгөө хуулиа гаргаж ирээд “чамайг ингэнэ шүү” гэж айлгаж ичээдэг, хувийн янз бүрийн өс хонзон, атгаг санаагаа хэрэгжүүлэх бололцоотой 230 өөр арга хэрэгсэлтэй байлаа. Тэр бүгдийг нэгтгээд Зөрчлийн хууль болгосон. Одоо бол албан тушаалтан иргэн лүү очоод “би чамд хариуцлага тооцно” гэвэл зөвхөн Зөрчлийн хууль дээр бичсэн хариуцлагыг л ярина. Иргэнд ч амар. Энэ бол Монгол Улсын хувьд маш чухал дэвшил. Нөгөө нэг сайн тал нь өмнө байгууллага, салбар болгон салбарынхаа хуулийг барьж аваад ард нь хариуцлага бичдэг, нэгдсэн стандарт байхгүй, нэг цонхоор гардаггүй байсан. Одоо бол Боловсролын яам боловсролын хуулиа бичлээ гэхэд хариуцлагын хэсгийг нь зөвхөн Зөрчлийн хууль дээр бичнэ. Зөрчлийн хууль дээр бичихээр Хууль зүйн яаманд хянагдана. Хууль зүйн яамд хянагдсанаар шударга бус, нэгнээсээ хэт ялгаатай хариуцлагын тогтолцоо байхаа болино гэсэн үг. Зөвхөн энэ нь л гэхэд маш том давуу тал. Доторх агуулгыг нь бол ярихгүй байна шүү дээ. (Чухал яриа 1)
-Шинэ Эрүүгийн хуулиар ялын бодлого яаж өөрчлөгдсөн бэ?
-Эрүүгийн хуулийн философи бүхэлдээ өөрчлөгдсөн. Социализмын үед том бүтээн байгуулалт, коммунизм байгуулна гэдэг зорилгынхоо төлөө аль болох олон хүнийг үнэ төлбөргүй ажиллуулах хэрэгцээ шаардлага байсан. Нэгд цэрэгт татлага, хоёрт коммунист субботник, гуравт бөөнөөр нь шоронд илгээж үнэ төлбөргүйгээр хөдөлмөрийн мөлжлөгө явулдаг байлаа. Жаахан алдаа гаргавал колони, шорон луу ачаад үнэ төлбөргүйгээр ажил хийлгэдэг. Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээр хөдөлмөр эрхлэлт гэдэг зах зээлээрээ тодорхойлогдож цалин хөлстэй, сонголт чөлөөтэй байх ёстой болоод ирэхээр хоригдлуудаар ажил хийлгэх боломж хязгаарлагдаж эхэлсэн. Социализмын үе шиг хүмүүсийг шорон дүүргэтэл ачих шаардлагагүй болсон учраас социалист маягийн эрүүгийн хуулийг өөрчлөхөөс аргагүй. Социалист гэмт хэрэг, социалист ял, социалист маягийн шоронжсон бодлогыг өөрчилж, шинэ нийгмийнхээ үнэт зүйл, зарчмыг хамгаалсан Эрүүгийн хууль тогтоомжтой болох хэрэгтэй болсон. Ялын олон төрөлтэй болсон. Гэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн хууль бол зөвхөн материаллаг хэм хэмжээний шинэчлэл. Зөвхөн энэ хүн гэм буруутай юу, гэмт хэрэг, эсвэл зөрчил мөн үү гэдгийг тодорхойлдог хууль. Харин одоо энэ хуулийг хэрэгжүүлдэг процессийн хуулиуд хэрэгтэй.
-Мянган төгрөг хулгайлсан хүн ялаа эдлээд гарсныхаа дараа дахиад 1000 төгрөг хулгайлчихвал давтан гэмт хэрэг гээд 10 жилийн ял авдаг байсан. Энэ өөрчлөгдсөн үү?
-Хуучин Эрүүгийн хуульд “давтан гэмт хэрэг” гэж байсан. Урьд нь гэмт хэрэг үйлдэж ял эдэлсэн хүн дахиад гэмт хэрэгт холбогдвол ялыг нь хүндрүүлдэг тогтолцоо. Гэтэл Үндсэн хууль болон бидний нэгдэн орсон гэрээ конвенцид “Нэг гэмт хэрэгт нэг л ял шийтгэнэ” гэсэн зарчимтай. Өмнө ял эдэлсэн хүнийг дахиж яллаж болохгүй, энэ бол эрүүгийн эрх зүйн шударга ёс гэж үздэг. Тиймээс шинэ хуульд давтан гэмт хэрэг гэж байхгүй. Манай эрүүгийн хуучин тогтолцоо их гажигтай тогтолцоо л доо. Өмнө гэмт хэрэг хийгээд ял шийтгүүлсэн хүнийг дахин гэмт хэрэг хийхээр “давтан” гэж хүндрүүлж ялладаг мөртлөө олон гэмт хэрэг хийсэн хүнийг “хөнгөнийг нь хүндэд нь багтаана” гээд хөнгөн гэмт хэргүүдийнх нь ялыг бүгдийг орхиод хүнд гэмт хэрэгт нь ял өгөөд явуулдаг, хоёр тийшээ савласан бодлоготой байсан. Одоо бол гэмт хэрэг нэг бүрт нь ял өгнө. Хулгай хийж, хүн дээрэмдэж, залилан хийсэн бол гэмт хэрэг болгонд нь ял өгнө. Хийсэн гэмт хэрэг, үйлдэл тус бүрт тохирсон, зохистой ялын тогтолцоотой болсон гэсэн үг. Энэ бол хүн төрөхтөн, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүгийн эрх зүйн шударга ёс руу алхам урагшиллаа гэсэн үг. (Чухал яриа 2)
-Материаллаг хэм хэмжээний хувьд ахиц гарлаа. Харин одоо процессийн хэм хэмжээ буюу хуулийн байгууллага яаж ажиллах вэ гэдэг асуудал яригдана. Энд ямар өөрчлөлт орох вэ?
-Одоо гэмт хэргийг яаж нотлох вэ, аргачлал ямар байх вэ гэдэг бол нэг номерийн ач холбогдолтой процессийн шинэтгэл. Энэ шинэтгэлийг хийхгүйгээр ямар ч гайхамшигтай Эрүүгийн хууль үйлчиллэхгүй. 230 хуулийн ард байсан хариуцлагыг бид нэг хууль болгосон. Яг түүнтэй адил арван хэдэн байгууллагын хуульд байгаа арван хэдэн янзын процессийн эрх мэдлийг нэг хуульд оруулах ёстой. Үүнийг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэж нэрлээд байгаа юм. Цагдаа байна уу, гаалийн байцаагч, байгаль хамгаалагч, татварын байцаагч байна уу, ялгаагүй иргэнийн биед халдаж нэгжлэг хийх гэж байгаа бол нэг л хуулиар журамлана гэсэн үг. Одоо бол цагдаагийнхан ЭБШХ, гаалийнхан Гаалийн даргын баталсан журмаар ажилладаг. Нэг нь хуулиар, нөгөө нь журмаар ажилладаг, дэндүү замбараагүй байгаа байхгүй юу. Үндсэн хуульд “Зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүний эрх, өмч хөрөнгөнд халдана” гэсэн байтал хууль болон хууль бус өөр янз бүрийн журмаар хүнд халддаг үд хаалга нээгдчихсэн. Үүнийг нэгтгэж нэг хуульд оруулах ёстой. Тэгж байж иргэн хуулийн өмнө эрх тэгш байх нь нөхцөл хангагдана. Ийм хуулийн засаглалтай болсноор хэн нэгэн өөрийн дур зоргоор иргэний эрхэд халдахаа болино. Энэ шинэтгэл бол Эрүүгийн хуулийн шинэчлэлээс ч илүү чухал шинэтгэл. Үндсэндээ эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн бараг 70 хувь нь процессийн шинэтгэл. Эрүүгийн хууль хичнээн сайхан байгаад процесс нь “0” байвал хүний шүд хуга цохидог хууль сахиулагч, дуртай үедээ дуртай хүний амьдралаар тоглодог, бизнесийг нь дампууруулдаг хуульчид, хууль сахиулах үйл ажиллагаа байсаар л байх болно. Материаллаг хууль бол хүний гарт өгч байгаа алх л гэсэн үг. Энэ алхыг яаж хэрэглэх вэ гэдгийг заадаг зүйл нь процессийн хууль. Хичнээн сайхан алтан алх бариулаад хэрэглэх аргыг нь заахгүй бол тэр алхаар алуур хийж ч болно шүү дээ. (Чухал яриа 3)
Ардчиллыг хуульчилж болно, гэхдээ хуулийг ардчилж болохгүй
-Хууль бол нэг л утгатай. Гэтэл Н.Энхбаяр даргын асуудал дээр хүмүүс хуулийг их олон янзаар тайлбарлаж байна. Шадар сайд хийж болно, болохгүй гээд. Энэ тохиолдолд хууль зүйн талаасаа боломжтой юу?
-Нэг үг байдаг. Ардчиллыг хуульчилж болно, хуулийг ардчилж болохгүй
гэж. Хууль батлах үйл явц бол тулд олон санаа бодол, олон урьгальч үзлийн уулзвар. Харин батлагдсаныхаа дараа хууль нэг л утгатай болдог. Тиймээс хуулийг урвуулж хөрвүүлж, салаалж тайлбарлаж болдоггүй. Хууль нэг мөр хэрэгжих ёстой. Өршөөлийн хууль батлагдсан. Өршөөлийн хуулиар “ялтай байдал” гэдэг Эрүүгийн хуулийн заалтыг 100 хувь өршөөсөн. Шинэ Эрүүгийн хуулийг баталснаар социализмын үеийн Эрүүгийн хуулийн “ялтай байдал” гэдэг ойлголт үгүй болсон. Хэн нэгнийг “ялтай” гэж ялгаварлаж жирийн иргэний статусаас дорд үзнэ гэдэг ойлголт ардчилсан нийгэм, Үндсэн хуульт байгуулал дотор байхгүй. Магадгүй, Н.Энхбаяр гэдэг хүн тийм өөдтэй хүн биш байх. Гэхдээ тэр хүний хувийн байдал биш, Монгол Улсын иргэн гэдэг утгаараа хууль зүйн хувьд ямар эрхтэй вэ гэдэг л асуудал байхгүй юу. Надад таалагдахгүй, миний үзэн яддаг хүн байсан ч хамаагүй. Өршөөлийн хууль батлагдахад протоколд тэмдэглүүлж байгаад миний хэлсэн зүйл бол “Энэ хууль гарснаар бүх гэмт хэргийн ялтай байдал өршөөгдлөө шүү” гэдгийг маш тодорхой хэлсэн. Зарим нэг хүний “Н.Энхбаяр гэдэг хүний ялтай байдал одоо ч гэсэн үргэлжилж байгаа” гэж яриад байгаа албан тушаалын гэмт хэрэг нь 2015 оны биш, бүр 2009 оны Өршөөлийн хуулиар өршөөгдчихсөн. Хууль зүйн үр дагавар нь ийм тодорхой байхад зөвхөн тэр хүнийг албан тушаал дээр очуулахгүйн тулд хуулийг гуйвуулж тайлбарлаж болохгүй. Хуулийг нэг хүнд зориулж гуйвуулж болохгүй. Энэ хууль гурван сая монголд хамаатай. Мэдээж улстөрчийнхөө хувьд, бодлогын хувьд уг хүн энэ албан тушаал дээр байх ёстой юу, үгүй юу гэдэг дээр бол шүүмжлэл өрнүүлж болно. Харин хууль хэзээ ч гох дэгээ болохгүй.(Чухал яриа 4)
Өөртөө босгосон баганад үнэнч байхыг би хувьдаа ёс суртахуун гэж хардаг
-Ерөнхийлөгч байсан хүн Шадар сайд, сайд байсан хүн төрийн нарийн бичиг болох гээд яваад байдаг. Харин Р.Амаржаргал гишүүн болохоор “Би Ерөнхий сайд байсан хүн, сайд хийхгүй” гэсэн?
-Энэ бол улс төрийн том соёл. Улс төрийн капитал, нэр хүнд, үнэ цэнийн хувьд ямар түвшинд очсон билээ, түүнийгээ хадгалж үлдэнэ, өөрийн гэсэн эрхэмлэл байна гэдэг нь тэр хүн өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлж байгаа л хэрэг. Р.Амаржаргал гэдэг хүн “Би бол Ерөнхий сайд байсан, Ерөнхий сайдын л раангтай хүн” гэж өөрийгөө тодорхойлоод, тэр үнэ цэнээсээ буухгүй гэж үзэж байна шүү дээ. Гэтэл зарим нь олдож байвал юун дээр ч очсон яахав гэж өөрийгөө үнэлж байна. Энэ бол хуулийн үнэлгээ биш. Үүнийг тухайн хүний ёс зүй, соёл гэж хэлж болох юм.
-Та сайд байсан, одоо УИХ-ын гишүүн. Үүнээсээ зөвхөн дээшээ л явах уу, буурсан ч хамаагүй албан тушаал хаших уу?
-Ямар ч албан тушаалаар сольшгүй миний хамгийн нэр хүндтэй карьер бол Их сургуулийн багш, профессор гэдэг нэр. Загас уснаасаа гараад амьгүй гэдэг шиг улстөрч улс төрөөс гараад хийх ажилгүй гэж ярьдаг. Миний хувьд улс төрөөс гарлаа гэхэд шинжлэх ухааны том далай байна. Би түүнд л үнэнч явна. Түүнээс биш түшмэл хийгээд суух нь миний ажил биш. Би бодлого тодорхойлно, мэдлэг бүтээнэ, шинэ соёлыг түгээнэ. Би өөрийгөө ингэж тодорхойлсон, энэ үнэ цэнээсээ буурсан, эсвэл энэ үнэ цэнийг маань үгүйсгэсэн, харшилсан аливаа ажил, албан тушаал хашихгүй. Бас тийм байр суурийг илэрхийлэхгүй. Хэрвээ тэгвэл би өөрөө өөрөөсөө урвасан болно. Өөртөө босгосон энэ баганад үнэнч байхыг би хувьдаа ёс суртахуун гэж хардаг
. (Чухал яриа 5)
Цэцийн тухай хуулиудыг боловсронгуй болгохын тулд арав гаруй жил ажилласан
-Сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц болон УИХ-ын хооронд үүсээд байгаа маргаан тогтолцоондоо байна уу? Эсвэл тэнд ажиллаж байгаа хүмүүстээ байна уу?
-Хууль тогтоогчид үргэлж төгс хууль баталдаг гэж би хэлж чадахгүй. Зарим тохиолдолд яах аргагүй Үндсэн хууль зөрчсөн, иргэний үндсэн эрхийг хязгаарласан зүйл байна гэдгийг би өөрөө ч хүлээн зөвшөөрч дуугүй байх тохиолдол гардаг. Энэ бол үндэслэл, онол, үзэл баримтлал, түүх байхгүй юу. Гэтэл ийм зүйл байхгүй, харин хэн нэг хүний амбицаар асуудлыг тавьж байгаа бол уучлаарай, энэ бол Үндсэн хуулийн зөрчсөн тухай маргаан биш. Харин хэн нь дээр байх, хэн мундаг болох тухай хувь хүмүүсийн амбиц явж байна. Үндсэн хуулийн Цэцэд миний олон багш байгаа. Итгэж үнэмшиж, хүндэлдэг олон хүн байгаа. Зарим нь зарчим, байр суурь дээрээ хатуу зогсч байхад зарим нь хичээл дээр заадаг байсан, ном болгож хар дээр цагаанаар бичсэн тэр үг үсэг, “Энэ бол миний итгэл үнэмшил” гэж зарлаж байсан зүйлээсээ ухарч буцсан байна. Бүр эсрэг зүгт явж байна. Гайхаад асуухаар “Одоо цаг нь болоогүй байна”, эсвэл “Энд ирэхээр өөр харагддаг юм байна” гэж ярьж байна. Энэ л алдаа. Албан тушаалдаа таацуулж үзэл бодлоо өөрчлөх биш харин итгэл үнэмшил, үзэл бодлынхоо төлөө албан тушаал, эрх мэдлийг өөрчлөх хэрэгтэй шүү дээ, уг нь. Сүүлдээ бүр аймшигтай дүр зураг руу орсон. Үндсэн хууль болон Үндсэн хуулийн Цэцийн нэрээр хэн нэгний захиалгыг гүйцэлдүүлж эхэлсэн. Хүнд алтан алх бариулж болно. Гэхдээ энэ алхыг яаж хэрэглэх вэ гэдгийг нь хуульчилж өгөхгүй бол энэ алхыг зарим нь алуур хийхдээ ашиглаж болно. Зарим нь алтнаас нь эмтэлж аваад халаасандаа хийчихнэ. Яг үүнтэй адилхан Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагын хууль үнэхээр болхи байна.
-Цэцийн тухай хуулийн маргаан сүүлдээ зөвхөн насны тухай юм шиг харагдаад байгаа. Гэвч уншаад үзэхээр өөр зохицуулалтууд бас байгаа юм билээ. Энэ тухай?
-Анхнаасаа энэ хууль 3-4 хуудас байгаагүй юм. Бараг 200 орчим хуудас бүхий Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хоёр хуулийг төслийг гурван жил бичсэн. Хуулиудыг боловсруулахын тулд үзэл санаа болоод судалгаан дээр нь 1999 оноос хойш арав гаруй жил ажилласан. Яагаад гэвэл энэ миний докторын сэдэв. Боловсруулсан хуулиудаа өргөн барих гэж оролдсон боловч манай одоогийн манай Цэцийн удирдлагууд энэ хуулийг өргөн бариулахгүйн төлөө гурван жил ажилласан. Тэр зөрчилдөөн нь сүүлдээ Ерөнхийлөгчийн эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийг нураах хэмжээнд хүртлээ эрх мэдлээ гуйвуулж байгаа байхгүй юу. Тиймээс арга ядаад хуулийн жижигхэн өөрчлөлт болгоод УИХ-д оруулж ирсэн. Энд Цэцийг яаж ил тод ажиллуулах вэ, яаж төвийг сахигч болгох вэ, яавал Цэцийн шийдвэр судалгаа болон үндэслэл, тооцоонд суурилж гардаг болох вэ, Цэц гэдэг нэрийн дор нуугдаад байгаа энэ хүмүүс хувь хүн, Цэцийн гишүүн гэдгээрээ яаж ил гарч ажиллах вэ, шүүх шиг эрх мэдэл авсан юм энэ байгууллагаас яаж шүүх шиг хариуцлага, ёс зүй шаардах вэ гэдэг зарчмын цөөхөн асуудлыг л тусгасан. (Чухал яриа 6)
Эх сурвалж :
https://www.youtube.com/watch?v=dlz-u3WddQY
https://www.youtube.com/watch?v=Qt0M_RfwwpQ
https://www.youtube.com/watch?v=5eab7aMZA3M
https://www.youtube.com/watch?v=3PCTI0JF3bE