Нийгэм

Цагт 4500-5000 уут дуслын шингэн үйлдвэрлэх хүчин чадалтай эмийн үйлдвэрийн нээлт болно

Bolor Rose
2016-01-25 03:49

Манай улсын нийт эмийнхээ 70-80 хувийг импортоор авдаг бөгөөд дотоодын 34 эмийн үйлдвэр үлдсэн хувийг нь дотооддоо үйлдвэрлэдэг байна. Түүнчлэн Монголчууд жилд 9 сая шахам ширхэг тарилгын шингэн хэрэглэдэг байна. Тиймээс импортыг орлох дуслын шингэн үйлдвэрлэх зорилготой “Монос фарм”, “Цомбо”, “Мөнхийн тун”, “Эмийн үйлдвэр”, “Нахиа Импекс” компаниуд хамтран  'Энхийн шүүдэр' эмийн үйлдвэрийг байгуулах төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Эмийн үйлдвэрийн нээлтийг өнөөдөр хийхээр болжээ. Тус эмийн үйлдвэр нь олон улсад бүрэн зөвшөөрөгдөхүйц  Америкийн FDA, европын стандартуудыг бүрэн хангасан бөгөөд шингэн дуслаа дэлхийн улс орнуудын 60-70% хэрэглэдэг Non-PVC bag уутан савлагаатай технологиор үйлдвэрлэх юм байна. Үйлдвэр нь цагт 4,500-5,000 уут, жилд 24 сая уут дуслын шингэн үйлдвэрлэхээс гадна 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүний 80 орчим хувь нь үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бүтээгдэхүүн байна. “Энхийн шүүдэр” бүрэн автоматжуулсан үйлдвэр нь дуслын шингэн, эм үйлдвэрлэх модуль, ус цэвэршүүлэх, холих систем, агааржуулалтын иж бүрдэл систем, уур, ус халаах, хөргөх хэсэг, дулаан, бохирын дамжуулах хэсэг, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулах зэрэг зургаан хэсэгтэй.

Дашрамд дурдахад, 2014 оноос Чингис бондоос 1.2 орчим их наяд төгрөгийг 1381 аж ахуйн нэгжид хөнгөлттэй зээл хэлбэрээр олгосны нэг төсөл нь 'Энхийн шүүдэр' эмийн үйлдвэр юм байна.